УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буйгаа зарлан стиль имижээ эрс өөрчилж, бүр сонгуулийн штаб хүртэл байгуулсан дуучин М.Нарантуяа ийн мэдэгджээ. Өөрт нь ирж буй элдэв дарамт шахалт, өнгөрсөн амьдралынх нь алдаа дутагдлыг сөхсөн доромж үгсийн хариуд дуучин бүсгүй энэхүү бичиглэлийг хийжээ.
“Дэмжиж урам зориг өгч буй бүх сайхан гэгээлэг хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.
Бас миний есөн жилийн өмнө ганцхан өдөр хэдэн янзаар авхуулсан нүцгэн зургуудаар түрий барьж, намайг элдвээр доромжлох гэж оролдож байгаа хүмүүст хандаж хэлэхэд урлаг ойлгохгүй хэрнээ өөрсдийн хөшигний ардах садар самуунтайгаа бүү андуурч ойлго. Түүнчлэн би тэдгээр зурагнуудаасаа огтхон ч ичиж, тэр нийтлээд байгаа хүмүүсээс айж эмээхгүй байна! Миний нүцгэн зураг хэний ч татварын мөнгөнөөс хулгайлаагүй, хэний ч амьдралын сайн сайханд хор муу зүйл хийгээгүй, тэдгээр зургууд Монголчуудын амьдралыг доройтуулж, эдийн засгийг хямруулж, ядуусыг үй олноор бий болгож, хэн нэгний цогцлоон бий болгосон бизнес компанийг булааж аваагүй, улсын тендэрийг будилуулж, төрийн хэрэгт доголдол үүсгээгүй, ард түмний нялх үрсийг өлсөж үхэхэд хүргээгүй! Тиймээс би юунд айж ичих ёстой юм!
Түүнчлэн урдахаа хийгээд сайхан амьдрахаа бодохгүй гээд байгаа хүмүүсээс асууя?
Бид урдахаа хийгээд хүссэнээрээ сайн сайханд хүрч чадахуйц нийгэмд амьдарч чадаж байгаа юм уу? Айл өрх бүрт зээлд хамрагдах хүслэн, зээлд хамрагдсан өрх нь зээлээ төлж чадах чадахгүйн зовлон, залуус ажил хайх зовлон, ажилтай нэгэнд цалин нь амьдралд хүрэлцэхгүйн зовлон, өвөлдөө агаарын бохирдолдоо өвчилж шаналахын зовлон, зундаа хөрсний бохирдолдоо гаслахын зовлон, хөгшид нь залуусынхаа амьдрал, байр сууц, зээлд зовнихын зовлон, эцэг эх нь үр хүүхдээ бусдын адил чанартай боловсрол эзэмшүүлмээр байвч өртөг мөнгө нь дутагдахын зовлон ер нь ингээд тоочоод байвал хязгаагүй их зовлон байна... Гэтэл яаж ганц биеийнхээ жаргалыг хөөж, сэтгэл амар гоёж гангалаад, гэдэс цатгалан, амиа хичээн довоо шарлуулан амьдарч чадах юм бэ? Би тэгж чадахгүй байна, хүсэхгүй байна. 40-50 жилийн дараа цаг нь болоод явах үед ХҮҮ минь эцэг эх нь байхгүй ч гэсэн эх орон нь бүрэн бүтэн, аюулгүй тогтвортой байж хань болон үлдээсэй гэж би хүсэж байна.
Та нарын тэдгээр гайхуулаад байгаа мундаг боловсролтой, туршлагатай, сэхээтэн гаралтай, язгууртны хэмжээнд очсон мундаг улстөрчид энэ эх орныг минь ямар хэмжээнд авчирсныг хар л даа! Эрх мэдэл, өмч хөрөнгөний төлөө хоорондоо ил цагаан талцан, далд алалцан, төрийн эрхийг гартаа авахын тулд яаж байна? Таны, миний бидний өвөг дээдэс өчнөөн амиа золин байж бидэнд энэ эх орныг бүрэн бүтэн өвлүүлсэн! Та яагаад мартаж чадаж байна аа? Бид хэдий болтол зөвхөн өнөөдрөө бодон өөрийгөө хичээн амьдрах юм бэ? Хэдий болтол?
Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж дуулаад л, яриад л байдаг хэрнээ яагаад өнөөдрөө өөрчилье гэж хүсэхгүй, тэмүүлэхгүй, зорихгүй, зориглохгүй байгаа юм бэ? Яагаад тэгж зорьсон намайг тэгтлээ их үзэн ядаж, дайрч чичилж, доромжлон гутаагаад байгаа юм? Би алдаатай, оноотой, өнгөрсөнд минь заримдаа инээд хүрмээр ч гэнэн алдаа оноо байсан. Тэглээ гээд би тэр хэвээрээ үлдэх ёстой юу, алдаагаа засаад сайн сайханд тэмүүлж өөрчлөн бүтээхийг зорьж болохгүй юу? Эсвэл би хэн нэгэн миний амьдралыг, бидний амьдралыг сайхан болгоно оо гээд л хувиа хичээгээд сууж байх ёстой юм уу? Хүмүүсээ хараач ээ, өөрсдийнхөө амьдралд тохиолдож буй бодит бүхнийг тодоор хараачээ! Амьдрал чинь болж бүтээд хангалуун сайхан байгаа бол талархаад, бусдын амьдралд тохиолдож байгаа зүйлийг хараач ээ! Өнөөдрийн бидний амьдралын хамгийн том алдаа бол хувиа хичээснээс болж байна гэж би бодож байна. Би л болж байвал бусад нь яахав гэдэг сэтгэлээр хандвал бидэнд ирээдүй алга! Дээрээ ч хувиа хичээгсэд, доороо ч хувиа хичээх юм бол бид магадгүй хойч үедээ эх орноо өвлүүлэн үлдээж чадахгүй тийм ирээдүйг бүтээх вий!” хэмээсэн дуучин Нарагийн сэтгэгдлийг олон хүн дэмжжээ.
эх сурвалж: www.top10contents.com