богино мэдээ New

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат: Би сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй

Нэр дэвшүүлж байгаа “76”-ийн олонхи нь хар жагсаалтад орсон хүн байвал тэр намыг битгий дугуйлаарай гэж уриална. Чи өөрийгөө хулгай хийгээгүй л гэж байгаа бол цагаан жагсаалтад ор. Өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж болно. “Цагаан жагсаалт”-ыг ил зарлана. Харин хулгай хийсэн нь илэрвэл “Хар жагсаалт”-руу орно. .

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.

-Залуус өнөөдөр нийгмээс юуг хүсч байна? 

-Монголд амьдрал хүнд байна. Гэсэн ч залуус эх орондоо сайхан амьдрах гээд зүтгэсээр. Өрсөлдөөн шудрага бус байна. Танил тал гэдэг ойлголт улс төрийн хүрээнээс хальж бүх зүйлд нөлөөлдөг болсон. 

Хэмжүүр шудрага бус байна. Эрх мэдэлтний талынхан давуу байдлыг эдэлдэг.  Үүнийг бий болгож буй хүмүүс нь улс төрчид, төрийн албанд шургалсан хулгайч нар. Тиймээс хулгайн сэтгэлгээгээр төрд шургалсан хүмүүсийг ирж буй сонгуулиар нэгэн зэрэг арчин хаяцгаая гэж Монголын Залуучдын холбоо уриалж байна. Үүнийг бид мундагтаа санаачилсан хэрэг биш. Нийгмийн захиалга юм шүү дээ. 

- “Хар жагсаалт”-ыг ямар журмаар гаргаж байна?

1992 оны үндсэн хууль батлагдсанаас хойш Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэхүйц 100 хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар нэрлүүлсэн.  Тэрхүү хар үйл явдлыг санаачилсан, оролцсон, УИХ, Засгийн газрын төвшинд шийдвэрийг гаргасан хүмүүсийг хар жагсаалтад оруулна. Энэ хүмүүсийг  сонгуульд намаасаа битгий нэр дэвшүүлээч гэж намуудад нь сануулна. Боловсон хүчнээ солих боломжийг нь өгнө. 

Үүнийг намууд үл тоож хар үйл явдалд орооцолдсон хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлбэл 5 сарын 20-нд хар жагсаалтын хүнийг битгий сонгоорой гэж уриална. Хар жагсаалтанд орсон хүнийг сонгохгүй байхад улс төрчдийн нэхсэн аалзны шүлс тасарна. Ёс суртахууны үүр цайна. Улс төр дэх шудрага бус тогтолцоо нурж унана.   

- Тэгвэл улстөрчид дуртай хүлээж авахгүй нь мэдээж. “Би ариун цагаан хүн, намайг гүтгэлээ” гээд босоод ирвэл яах вэ?

- Бид баримтад тулгуурлаж жагсаалтыг гаргана. Тулгуурласан баримтууд маань бүгд төрийн өөрийнх нь баримтууд байгаа. Хар жагсаалтаараа бүх хулгайч нартай шүүхдэхэд бэлэн байна.

- Энэ хөдөлгөөнөөр бүгдийг нь цэвэрлэнэ гэдэг хэцүү л дээ? 

Бидэнд боломж байна. Яавал нийгэм эрүүлжих вэ? Эрүүл хөрс бүрдэхэд аандаа бүх зүйл голидролдоо орно.  Хүн бүр, байгууллага, хамт олон бүр, хулгайч арга барил, хулгайч сэтгэлгээ, хулгайчдыг дэмждэг тогтолцооны хохирогчид. Хулгайгаас бүх Монгол хохирч байгаа. Даапаалаад ч байгаа юм шиг санагддаг. Татварийн мөнгөнөөс хумсалчихаад, тэр мөнгөөр нь өөрсдийг нь дайлаад явах нь эрүүл үү? Хулгайн мөнгөөр гавьяа байгуулахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. 

- Хар жагсаалтад орсон этгээдийг олноор нь нэр дэвшүүлэх юм бол тухайн нам олон нийтийн дэмжлэг авахгүй гэсэн үг. гэж Та хэлсэн байсан?

- Нэр дэвшүүлж байгаа “76”-ийн олонхи нь хар жагсаалтад орсон хүн байвал тэр намыг битгий дугуйлаарай гэж уриална. 

- “Цагаан жагсаалт”-д мөнгө төлөөд л орчихно гэсэн ойлголт, яриа гарах юм. Энэ тал дээр юу хэлэх вэ?

- Тийм зүйл байхгүй. Хардах хэрэггүй. Чи өөрийгөө хулгай хийгээгүй л гэж байгаа бол цагаан жагсаалтад ор. Өөрөө өөрийгөө нэр дэвшүүлж болно. “Цагаан жагсаалт”-ыг ил зарлана. Харин хулгай хийсэн нь илэрвэл “Хар жагсаалт”-руу орно. 

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

- Үгүй. 

- Ахмад үеийнхэн яаж хүлээж авч байна?

-Ахмадуудын маань өнөөдрийн улс төрчдөд итгэл алдарсан. Тэд уулзаж, биднийг халуунаар дэмжиж, урам зориг, итгэл найдвар өгч байгаа.

- Ардчилагчид 1990 оны ардчилсан тайван замаар, цус урсгалгүйгээр хийж чадсан гэж ярьдаг. Энэ хөдөлгөөн хувьсгал болж чадах уу? 

- Энэ бол ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа мөн. 25 жилийн хугацаанд алдсан үнэнээ буцааж олж авахын төлөө хийж байгаа хувьсгал. Саналаа хулгайч биш хүнд өгөхөд энэ хувьсгал хийгдэнэ. 

 

Эх сурвалж: МЗХ