НӨАТ-ын урамшууллын сугалаанд бүртгүүлсэн баримтын нийлбэр тухайн хүний орлогоос давбал түүнийг нотлох, нотолж эс чадвал хэрэгт холбогдоно гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тарсан.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхээ бусад гишүүдийн баримтыг өөрийн нэрээр бүртгүүлвэл жилийн эцэст та илүү орлогоо нотлох, эс бөгөөс хэрэгт холбогдоно гэсэн тайлбарыг хуульч А.Цолмонтуяа өгсөн юм.
Мөн тэрээр НӨАТ-ын урамшууллын систем иргэдийн орлогыг ил болгох л зорилготой, хахуулийн сугалаа явуулж байна гэв.
Тэгвэл энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын Стратеги, хөгжлийн газрын дарга Б.Бадрал дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Ямар ч асуудлыг хуулиар шийдэх ёстой. Иргэдээс татвар авах бол Хувь хүний албан татвар авна. Энэ хуульд хувь хүнээс албан татвар авна гэсэн заалт байдаг болохоос гэр бүлийн гишүүдээс авна гэсэн заалт байхгүй.
Сугалааны урамшууллыг хүртэл Хувь хүний албан татвараас чөлөөлчихсөн. Татвар авна гэж бодсон бол чөлөөлөхгүй байсан. Бизнес эрхэлдэг бол орлогоо хас гээд хасалтууд нь байгаа. Гэр бүлийн зардлаас тооцдог ямар ч татварын тогтолцоо байхгүй. Зардал дээр үндэслэж буцааж орлого тооцдог татварын хууль байдаггүй юм. Тэгэхээр бид ямар хуульд үндэслэж иргэдээс татвар авах юм, яаж буцаан татварын өрөнд оруулах юм.
Татварын ерөнхий хуулийн үндсэн суурь зарчим дээр татвар төлөгч нь өөрөө татвараа үнэн зөв тодорхойлно гэсэн байдаг. Ингэхдээ миний зарлага ийм болохоор миний орлого ийм гэж хэлэхгүй шүү дээ. Тодорхойлж байгаа тайлан дээр миний орлого ийм, би ийм зардал хасаад татвараа өгнө л гэдэг. Тэр тайлан өөрчлөгдөөгүй. Бүх зүйл хэвээрээ байгаа. Баримт бүртгүүлж байгааг өөр өнцгөөр тайлбарлаад байна. Хуульд зардал дээр үндэслэж татвар ногдуулна, зардлаас нь хөөж тооцоод орлого гаргаж ирнэ гэсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Тэгэхээр гэр бүлийнхэнтэйгээ хамт идсэн хоол, хүнсний хэрэглээ, байр цахилгааны мөнгө гээд нэг гэрт цугларч байгаа баримтуудыг нэг хүн бүртгүүлэхэд асуудал үүсэхгүй нь ээ.
эх сурвалж: www.news.gogo.mn