УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын хүмүүс Вашингтонд цөмийн асуудлаарх хуралд оролцож, хаягдал булшлах талаар хөөцөлдөж явна гэсэн мэдээлэл сошиалаар явсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг дараах байдлаар фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. “Миний бие өнөөдөр УИХ-ын даргын орон нутагт ажиллах бүрэлдэхүүнд Орхон аймагт ажиллаж байна.
Гэтэл Эрхэм Амарлин гэгч нэр нүүрээ нуусан ФБ хаягаас намайг болон зарим УИХ-ын гишүүнийг Вашингтонд цөмийн асуудлаарх хуралд оролцож хаягдал булшлах талаар хөөцөлдөж яваа мэт гүтгэлгийг нийгмийн сүлжээгээр түгээж эхэллээ. Мөн миний болон манай ажилтнуудын хаягийг хакердаж бидний өөрсдийн хаягаас дээрх мэдээллийг шейр хийсэн байна. Худал цуу яриа тарааж нийгэмд үзэн ядах, үл итгэх хар хорын уур амьсгал бий болгохыг хичээсэн ийм үйлдэл эцэстээ улс орныг маань хагалан бутаргасан аюултай байдал руу түлхэх вий гэж сэтгэл зовниж байна. Цөмийн хаягдал улс орондоо булшлахыг хориглох хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг батлах ёстой. Хоосон хийрхэж олон нийтийг бухимдуулсан ийм мэдээлэлд сэрэмжтэй хандахыг зөв бодолтой хүн бүрд хандан уриалж байна” гэжээ.
эх сурвалж: www.itgelt.mn