www.ipost.mn
Жил жилийн намар сүр дуулиантай болдог Монгол Улсын эдийн засгийн форумын нээлтэнд зориулж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Чуулганы танхимд популизмтай дайтах бэрх даваатай нүүр тулж буй тухайгаа тэрбээр олонтаа өгүүлсэн ч энэ удаад илүү дутуугүй үнэнийг хэлэхийг зорьсон бололтой юм. Учир нь, өдгөө шийдлийн Засгийн газрыг УИХ дахь МАН-ын бүлэг болон Монгол Ардын нам Монгол Улсын дааж давашгүй өрөнд оруулсан тухай тоочин өгүүлэх нь бий. Улмаар УИХ-ын 2016 оны сонгуульд “Өрөөс гэтэлгэх” гэдэг том үүргийг өөрсөддөө авах мөрийн хөтөлбөр ч боловсруулж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгнээс харвал өрийн нийт дүн нь Монгол Улсын өр гэхээс илүүтэй цөөхөн хэдэн гэр бүлийн өр болж хувирсан бололтой юм.
Энэ талаар тэрбээр “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм” гэж мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд тэдний хувийн бизнес хангалттай өргөжиж, томоохон бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг мэдээлэл ил тод яваа. Гэтэл тэр бүрийн цаана бичигдсэн өрийг өнөөдөр Засгийн газарт нааж, эрх баригчдыг буруу ажилласан мэтээр шүүмжлэх нь МАН-ын өгөөш болчихоод буй. Гэсэн ч бодит байдал дээр тус намын санхүүжүүлэгчид өөрсдөө хувийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж зээл авсан нь өдгөө Ардчилсан намын тавьсан өр болж буугаад байгаа бололтой юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгийг иш үндэс болговол шүү дээ.
Түүнчлэн тэрбээр энэ үеэрээ Засгийн газарт хамаарах өнөөдрийн байдлаар 4,9 тэрбум ам.долларын зээл бий. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн газрын үед 2.3 тэрбум орчим ам.долларыг улс төрийн зорилготой халамжинд бэлнээр тараасан... Өрийн тухай өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улстөрч нөхөд өө. Та бүхний өөрсдийнхөө эрсдлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй шүү гэдгийг хатуу хэлчихье” гэсэн юм.
Иймд МАН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгууллаа гэхэд ард түмний өрийг төлөх гээд байна уу, намынхаа олигархиудын өрийг төлөх гээд байна уу гэдэг бас л их эргэлзээтэй асуудал болох бололтойдог шүү.