Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны Эдийн засгийн чуулганы нээлтэд хэлсэн зарим үгнээс онцгойлон хүргэж байна.
- Монголын Эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, тэр жилийн төлөв байдлыг тодорхойлдог индэртэй болсноос хойш эдүгээ долоо дахь удаагаа уулзаж байна. Энэ үйл явдлыг Монголын нийгэм хүлээдэг болжээ.
- 2012 оны гуравдугаар сард “ХӨГЖИЛД ХАМТДАА” гэсэн уриагаа үргэлжүүлэн эдийн засгийг солонгоруулах талаар санал бодлоо уралдуулж, Өрсөлдөх чадвар, төлөвлөлтийн талаар ярилцаж байлаа.
- 2013 онд бид Дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орон боллоо хэмээн баяр хөөр болсон, бас ч гэж нэлээд хөөрцөглөсөн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ ч зогсолтгүй, хязгааргүй өсөх мэтээр төсөөлж, төсвийг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, нийгмийн халамж, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж байлаа. МОНГОЛ БРЭНД-ийн тухай голлон ярилцаж, уул уурхайн компаниудын үүрэг оролцооны талаар бага ярьж байв.
- Монголын Эдийн засгийн чуулгантай байсан сүүлийн долоон жилд Монголын амьдралд гэрэл гэгээтэй олон үйл явдал, дэвшил байсныг слайд дэлгэцээс та бүхэн тод харлаа.
- Монголын хүн амын жилийн өсөлт 1,6 хувь байснаа 2 хувьд хүрч, хүн амын тоо 3 саяыг давлаа.
- Монгол хүний дундаж наслалт 69 болж сүүлийн 20 гаруй жилийн дотор 6.5 жилээр уртаслаа.
- Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ.
- Бид 26 жилийн өмнө сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон учраас тэр бүгдийн талаар энэ хоёр өдрийн туршид олон салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой байх болно.
- Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байна гэдэгт итгэж байна.