Х.Баттулга гэж хэн бэ? Миний бодлоор тэр сайн жүжигчин. Зөвхөн компанийх нь нэр төдийгүй өөрөө ч мафи маягаар хувцаслана. Сөөнгө хоолойтой жүдо бөх бас баахан бөхчүүдээр өөрийгөө тойруулна. Тэрний энэ жүжиглэлтэнд бүгд итгэдэг бас айдаг. Тэгээд цагдаа, АТГ нийлээд нийлээд тэрний туслах, компанийх нь захирал, эргэн тойрныхныг нь ухаж шалгаад байхаас мань эр лүү бол хуруугаа ч хүргэж чадахгүй байна. Хулгай, дээрэм, луйвар хийсэн жирийн иргэнийг бол аль хэдийн чихдээд, хар гэрт чихээд, хэргийг нь хүлээлгээд байх ёстой газар нь байлгачихдаг мөртлөө мань эрийг бол чадахгүй байгаа нь хүч нь хүрэхгүй дээр нь айсных биз. Хэвлэл мэдээлэл бараг л тэр чигээрээ тэрний төлөө дуугарч байна. Манай хэвлэл мэдээлэл зөвхөн мөнгөтэй хүнд л үйлчилдэг.
Зах зээлийн нийгэмд өөр яах ч билээ. Өмч хувьчлалын үеэр Мах импекс, Талх чихэрийг өөрийн болгож чадсан азтай эр монголчуудын мах, талхыг бараг ганцаараа барьж эхэлсэн. Гэвч зөвхөн иддэг мах, талхыг нь нийлүүлэх нь тэрэн шиг том эрд чамлалттай санагдсан тул эхлээд Эрлийн Эрдэнэбатын намд орсон ч, тэр нь өөр шиг нь амбицтай, өөрийн ах дүүсээрээ хамаг юмаа хийлгүүлдэг эр тул мань эрд өөртөө болон өөрийнхөө эргэн тойрныхонд хийлгэх ажил олдохгүй тэрнээсээ болоод Чингис, Жамуха хоёр шиг дайтахаасаа өмнө салж, АН-ын анхны хөрс МоАХ-ыг “мөнгөөр зодож” аваад, түүгээрээ дамжуулан их хурлын гишүүн болсон. Ардчилсан хувьсгалыг хийсэн нөхдүүдийн зарим нь их хурал болон том жижиг бизнес хийгээд энд тэнд юм олоод долоочихсон суусан. Үлдсэн зарим нь партизан нэртэй лааз өшиглөөд явж байгааг тэр соргогоор харж, байр сууц, ажил амлаж өөртөө татсан гэдэг.
Тийм учраас Шонхор, Алтангадас, Кроун, МҮДН бас шинээр төрж буй МоАН санаачлага ч тэрний удирддаг МОАХ фракцийг зохион байгуулалт, боловсон хүчин, удирдлагын хувьд гүйцэхгүй. Тэр өөрийн багаа цэргийн зохион байгуулалтаар удирддаг гэх юм билээ.
Хужаа, хужаа гэдэг алдарт үгийг амнаасаа унагаж, анх удаа монголчуудад телевизийн эфирийг, нэвтрүүлгийг худалдаж авсан юмны эзэн хүн ямар байдгийг харуулсан. Урьсан зочноо өмнөө гөлөг шиг гөлөлзүүлээд, гараа халаасандаа хийгээд гарч явахдаа тэр үнэхээр том байсан.
Одоо хараад байхад том байхаас ч өөр аргагүй байж. Учир нь том мөнгө ард нь байж. 32000 мянган га-г 3200 га болгохоос өгсүүлээд жирийн хүмүүсийн хувьд зүүдэнд л ормоор олон сая доллар эргэлдэж байж. Нөгөө муу нүүрсний Гансүх бол хажууд нь мангар бацаан.
Өргөн, нарийн цагираг гээд монголчуудыг талцуулаад хос төмөр замтай болох ажлыг өчнөөн жил хойш татаж чадсан том эр. Том эр томоо хөшөө барьдаг. Тэр хөшөөгөө тойрсон олон мянган баатрын хөшөө бас хийж тэрэндээ тендер авах гэсэн компаниудаар хандив өргүүлдэг гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа явдаг.
Тэр хүүхэд залууст үлгэр дуурайлал болж байна. Би ингээд энэ хүний замаар явбал намайг хэн ч дийлэхгүй юм байна. Бас эх орончийн дүр сайн эсгэх хэрэгтэй юм байна гэж ярьж байна.
17 чингэлэг спиртээр анх бизнест бас бусдад өөрийгөө харуулсан тэр 17 оны сонгуульд Ерөнхийлөгчид нэр дэвшиж ч мэдэхээр болж ирлээ. Учир нь нэгэнтээ тэрний санхүүжүүлж байсан одоогийн Ерөнхийлөгч өөрийг нь жийж байна. Надаас тавантолгойг нэхсэн гэж олон түмэнд зарлалаа. Тэгээд ч АН дотор түүн шиг мөнгөтэй,“Загалмайлсан эцэг” кино байнга үзэх дуртай мафийн бишээ фракцийн толгойлогч алга.
www.zaluu.com