Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийг улсын онцгой объектын жагсаалтаас хаслаа гээд хэн дуртай нь тийшээ нэвтэрч, бүр төв сервер байрлах өрөөнд нь материал хайх нэрийдлээр ороод байж болохгүй байлтай.
Гэтэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж, шинээр томилогдсон гишүүн З.Энхболд нар IT-гийн инженер гэх залуугийн хамт ММ агентлагийн архивын өрөөнд нэвтэрчээ. Үндэсний зөвлөлийн дарга байна уу, МҮОНРТ-ийн ерөнхий захирал байна уу, хэнбугай ч хүссэнээрээ гүйж ороод байж болдоггүй тэр өрөөнд “зочилсон” шалтгаанаа тэд энэ сарын 2-ны Үндэсний зөвлөлийн хуралдааны “халуухан” бичлэгийн эх хувийг хуулж авахаар ирсэн хэмээн тайлбарласан байна.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Биднийг ажлаа хийж байтал Л.Пүрэвдорж дарга өрөөнд хоёр хүнтэй орж ирээд, “Танай серверээс бичлэг хайх хэрэгтэй байна. Энэ залуусын ажилд битгий саад болоорой” гэсэн. Бид тэр хурлын эх бичлэгийг устгасан, байхгүй гэдгээ хэлсэн боловч манай монтажны компьютерт шууд л нөүтбүүкээ залгаад, серверт холбогдон гурван цаг гаруй болсон. Зөвхөн бичлэгээ хайсан уу, өөр юм хийсэн үү гэдгийг бид нарийн мэдэж чадаагүй. З.Энхболд гэдэг хүн нь “Би бол хагас тагнуул. Үндэсний дата төвийн даргын хувьд та нарын бүх зүйлийг хянаад сууж байдаг” гээд байсан” гэлээ.
ММ агентлагийн мэдээ мэдээллийн архив, төв сервер гэдэг бол Монголын түүхийн нэгэн үеийн сайн, саар бүхнийг тэр чигээр нь хадгалж байдаг нууцын авдар. Гэтэл тийш дураараа нэвтэрч, нэгжих дархан эрхийг Үндэсний зөвлөлийнхөнд хэн өгсөн юм бол. Л.Пүрэвдорж даргаас энэ тухай тодруулахад “Үндэсний зөвлөлийн хурлын бичлэг хуулж авах гэж тийшээ нэвтэрсэн нь үнэн. Ямар шалтгаантай гэдгийг нь намайг хөдөөнөөс ирэхээр уулзаад асуугаарай” хэмээв.