Сэтгүүлч О.Энхмаа
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэл энэ сарын 21-нээс эхэлсэн. Журмын дагуу эхний ээлжинд ахмад настнуудыг 21, 22-нд бүртгэсэн. Хоёр өдрийн хугацаанд нийт 1150 ахмад ТОСК-д хандсанаас 600 ахмад журмын дагуу материалаа бүрдүүлж бүртгүүлсэн байна.
Ахмадуудын хувьд журамтай сайн танилцаагүйн улмаас материалаа гүйцэд бүрдүүлж ирээгүйн улмаас дараалал ихээр үүсгэж байсан гэдгийг ТОСК-ийн мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн ахмадуудын хувьд олонх нь тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байгаа аж. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээд нийслэлд “Буянт-Ухаа 2” хороололд 350 орон сууцыг иргэдэд түрээслүүлнэ. Ингэхдээ журмын дагуу иргэдийг бүлгээр нь ангилж квот тогтоосон байгаа юм. Тодруулбал, үүнд, өндөр настанд 15 хувь, залуу гэр бүлд 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм.
Квотын дагуу бүртгүүлсэн 600 ахмадын 52 нь л түрээсийн орон сууцанд хамрагдана. Мөн өнөөдрөөс түрээсийн орон сууцанд амьдрах залуу гэр бүлүүдийг бүртгэж эхэлж байгаа юм.
Үүнээс гадна түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-нд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулна.
- Увс аймгийн Улаангом,
- Ховд аймгийн Жаргалант,
- Архангай аймгийн Эрдэнэбулган,
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа,
- Хэнтий аймгийн Бор-Өндөр
Эх сурвалж: www.mnb.mn