Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багийн нутаг, “Шүр” захын хойно байрлах хуучин сүүний үйлдвэрийн гурван давхар нурсан барилга дотор “Нохойн мах шулж байна. Худалдаанд гаргасан байж болзошгүй” гэсэн иргэдийн мэдээлэл тус сумын ЗДТГ-т иржээ. Энэ дагуу мэргэжлийн байгууллага болон тус аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч, шалгалт явуулсан байна. Шалгалтаар олон тооны нохой алж, махыг нь шулж, ясыг нь хаясан байсныг илрүүлжээ. Энэ нь удаа дараагийн үйлдэл байж болзошгүй гэдгийг эх сурвлжууд хэлж байгаа юм. Энэ талаар “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа бэлтгэлээ.
Холбогдох албаныхныг очиход тус барилга дотор үхсэн нохойны сэг, зэм дүүрэн байсан бөгөөд нэлээн эртнээс энэ ажлыг хийж байжээ. Нохойны сэг, зэм удсан бололтой байсан гэдгийг албаныхан хэлэв. Мөн нохойг алаад удаагүй бололтой, гэдэс дотрыг нь гаргасан байжээ.
Энэ талаар тус аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Даваагаас тодруулахад “Олон тооны нохой алаад, махыг нь шулчихсан байсан. Яснуудыг нь харахад нэлээн эрт хийсэн болов уу гэлтэй байсан. Засаг даргын захирамж гараад, комисс байгуулагдан шалгаж байна. Иргэд энэ талаархи мэдээллийг цочирдож хүлээн авсан. Тиймээс машиндсан болон, жижиглэнгийн махыг худалдаж авахгүй байхыг анхааруулсан" гэв.
Тус аймагт БНХАУ-ын иргэд цөөнгүй амьдардаг ажээ. Иргэдийн хувьд хятадуудын хийсэн ажил байх хэмээн хардаж буй юм байна. Эдийн засаг хямарлаа гэхэд арай ч монголчууд нохойны мах идэх дээрээ тулаагүй байна гэх иргэд ч байв. Ямартай ч хууль хяналтын байгууллага хэний хийсэн хэрэг болохыг олж тогтоохоор ажиллаж эхэлжээ.
medee.mn Ж.МАРАЛ