богино мэдээ New

Б.Насанбаяр:Ажлаа өгвөл бууж өгсөн болох юм байна

Мэдэгдэл хийсний урьд өдөр буюу бүтэн сайнд ажил дээрээ олон хүнтэй уулзаж зөвлөсний эцэст ажлаа өгөх юм бол бууж өгсөн болох юм байна, тийм учраас энэ зохион байгуулалттай зүйлийн эсрэг юу хийх тухайгаа тохироод гэртээ харьсан юм..

БСШУЯ-ны Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр олон нийтэд хандаж ил захидал бичжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна

Сайн байна уу . 
Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Монгол Улсын иргэн Б.Насанбаяр 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн өглөөний 08.00 цагт хүүхдүүдээ хичээлд нь, нөхрөө ажилд нь явуулчхаад та бүхэнтэй мэндчилж байна.

Өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа тухай хийсэн мэдэгдэл маань Монгол Улсын зүрх тархи нь болсон эрдэмтэн, багш нарын нэр хүнд, хүүхэд бүрийн хөгжлийг хамгаалах шийдвэр байлаа. Зохион байгуулалттай бэлтгэсэн, хөлс мөнгө төлсөн хүмүүсийн үйлдэл бол үерийн ус шиг юуг ч хамж болдгийг хараад зогсоох ХҮЧ бол “ажлаа өгөх өргөдөл”-өөс өөр сонголт надад үлдсэнгүй. Надад энэ их мөнгөний эсрэг сөрөн зогсох мөнгө, боломж үнэхээр байсангүй.

Өргөдлийнхөө хамт Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний төлөө дараах шийдлийг мөн гаргалаа. Тагнуулын ерөнхий газарт энэ гүтгэлэг доромжлолын зохион байгуулагч, захиалагч нь хэн болохыг тодорхой болгож өгөх хүсэлт. Эрүүгийн цагдаагийн газарт сэтгэл сэртхийлгэж, хүн харахын аргагүй эвлүүлэг хийж цагийн давтамжтай нийтэлж буй эздийг тодруулж холбогдох хариуцлага хүлээлгэх хүсэлт. Иргэн Цэрэндолгорын 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд зарлаж намайг гүтгэсэн үйлдлийн үнэн мөнийг тогтоолгохоор Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргалаа.

Мэдэгдэл хийсний урьд өдөр буюу бүтэн сайнд ажил дээрээ олон хүнтэй уулзаж зөвлөсний эцэст ажлаа өгөх юм бол бууж өгсөн болох юм байна, тийм учраас энэ зохион байгуулалттай зүйлийн эсрэг юу хийх тухайгаа тохироод гэртээ харьсан юм. Гэвч сэтгэл дотор боловсролын салбар маань ямар эмзэг бас нандин хайрламаар, аминаасаа ч илүү хамгаалмаар, улс үндэстний ирээдүй, тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжлийн үндэс түлхүүр шүү дээ гэж бодохоор нулимс минь гарч дотор давчдаж байлаа. 

Хүүхэд бүрээ хөгжүүлнэ гэсэн итгэл найдвар, гал цогоор дүүрэн багш нарын минь урам зоригийг мөнгөнд улайрсан хүмүүсээр дахиад нэг өдөр доромжлуулж, ард түмэнд төрүүлсэн айдас төөрөгдлийг дахиад нэг өдрийн үйл явдлаар нэмэхийг хүссэнгүй. Тиймээс өмнөх өдөр нь журмын нөхөдтэйгээ тохирсон тохироо, цаашдын төлөвлөгөөт ажлаас илүү боловсролын салбарынхаа хүн нэг бүрийн сэтгэл зүтгэлийг хүндэтгэж миний бие хэнд ч хэлэхгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байгаагаа мэдэгдлээ.

2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн энэ шийдвэр олон хүнийг гайхшруулсан хэдий ч надад хийсэн гэм, буруу байхгүй учраас сэтгэл маань аз жаргалтай, өөдрөг байлаа. Хүмүүс тэр эмэгтэйд ингэж бууж өглөө гэж дургүйцсэн ч, эрдэмтэн багш нар айл гэр бүл бүрийн эрдэнэс болсон хүүхэд залуучууд бүрийн хөгжлийн төлөөх энэ боловсролын салбарын ариун дагшин байлгах миний хайр, хүндэтгэл, хүсэл бүхнээс илүү ялалт. Миний бие ажиллах хугацаандаа дэлхийн бүх улс орны хийж амжаагүй “хүүхэд бүрийн хөгжлийн” системийн суурь хандлагыг бүтээлч хамт олонтойгоо угсарч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

САНАА ЗӨВ БОЛ, ЗАЯА ЗӨВ

www.tugeene.mn