Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монгол орон даяар мэдээ мэдээлэл түгээдэг нийслэлийн тэргүүлэгч, өргөн нэврүүлгийн “Шинэ монголын радио”-г Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн хувийн чөлөөт анхны радиогоор тодрууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр салбарынхаа ойг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил тусгай шинжээч, комиссын бүрэлдэхүүн сэтгүүлзүйн салбарын анхдагчуудыг тодруулсан байна. Тус радиогийн хувьд 2014, 2015 оны “Best of mongolia” шагналыг хоёр жил дараалан хүртэж мөн 2013 оны Монгол Улсын шилдэг радиогоор шалгарч байжээ. Мөн уран бүтээлчид нь мэргэжлийн нийтлэл, нэвтрүүлгээрээ 2013, 2014 оны шилдэг сэтгүүлчдээр тодорч байв.
“Шинэ монголын радио”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан “Манай радиогийн уран бүтээлчдийн эх орныхоо хөгжил дэвшил, нийгэм рүү чиглэсэн олон арван мэдээлэл, өргөн нэвтрүүлгийг Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа сонсогчид маань хүлээн авч бидэнд үргэлж үнэлэлт, урмын үг өгч санаагаа хуваалцаж байдаг. Мөн зовлон, жаргалаа хуваалцаж манай радиогоор дамжуулан олон нийтэд үнэтэй мэдээлэл, шүүмж, саналаа хүргэдэгт бид үргэлж баяртай байдгаа даймаар байна. Эрхэм сонсогч та бүхний минь үнэлэлт, санал, хүсэлтээр манай залуус илүү эрч хүчтэй ажилладаг. Бид цаашид өөрсдийнхөө амжилт бүрээ батжуулж олон сайхан нэвтрүүлэг, мэдээллийг хүргэх болно” гэсэн юм.
Түүнчлэн тус радиогийн ерөнхий захирал Ө.Батзориг радиогоо анх үүсгэн байгуулж байсан түүхээсээ товч дурьдлаа. Тэрбээр “Миний хувьд сонины салбарт 15 жил ажилласан. Бага нас маань ч хөдөө өнгөрч, мэдээлэл авдаг гол хэрэгсэл нь радио байлаа. Чухамдаа радиог сонсож үүгээр дамжуулан сайхан нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх юмсан гэх мөрөөдөл бий болсон гэх үү дээ. Мөрөөдөлдөө хөтлөгдсөөр Өнгөрсөн 2010 оноос эхэлж сэтгүүлзүйн салбарын чадварлаг найз, нөхөдтэйгээ “Шинэ монголын радио”-гоо байгуулсан юм. Радиогоо анх сэтгүүлч, зохиолч Н.Бадамжав, сэтгүүлч, яруу найрагч Г.Сонинбаяр, яруу найрагч Л.Ганзул, хөгжмийн зохиолч Д.Батсүх, радиогийн гүйцэтгэх захирал, залуу сэтгүүлч Б.Мөнхсайхан нарын шижигнэсэн залуучуудын хүч, хөдөлмөрөөр байгуулж байлаа. Нийт сонсогч, уран бүтээлчиддээ баярлалаа”.
Өглөөний 07 цагаас оройн 23 цаг хүртэл мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол орон даяар өргөн нэвтрүүлгээ цацдаг, хоолойны өвөрмөц, содон өнгө бүхий хөтлөгчидтэй, шинийг үргэл эрэлхийлж байдаг “Шинэ монголын радио”-ийнхны хамт олон, сонсогчдод нь www.tugeene.mn мэдээллийн сайтын зүгээс давхар баяр хүргэж байгааг уламжлъя.