богино мэдээ New

Н.Эрдэнэ: Д.Пүрэвдаваад зодуулснаас болж эхэс ховхорч, цус алдсан

Зөвхөн Д.Пүрэвдаваагийн өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу халаа сэлгээний ажил хийгддэг. Тодруулбал, Д.Пүрэвдаваагйин оруулсан хүмүүс удаа дараа зөрчил гаргаж, ажил дээр архидан согтуурч,хүүхдүүдийн нэрээр төслөөс мөнгө идэж байгаад үйлдэл дээрээ баригдчихаад байхад л халах тушаал гаргадаггүй..

Сэтгүүлч Х.Маргад

БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ажилчдаа дарамталж, дур зоргоороо халж солиод зогсохгүй, эмэгтэй ажилчдаа оролдож, ажлаас нь халж, татвар төлөгчдийн мөнгийг намдаа хандивлуулж эхэлсэн гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн гол бай болоод байна.


Тэгвэл түүнд зодуулсан жирэмсэн эмэгтэй гэх Н.Эрдэнэтэй уулзаж Д.Пүрэвдаваагийн тухай тодрууллаа.


-Таныг БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа зодсон гэх мэдээлэл хөвөрч байна. Энэ мэдээллийн талаар тодруулга өгөхгүй юу?
-Миний бие 2013 оны 6 дугаар сард БЗД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдож очсон.
Миний дор ажиллаж байгаа хүмүүс бол дандаа Дүүргийн Засаг дарга, намаас санал болгосон хүмүүс байдаг. Дарга нэртэй ч надад ямар нэг эрх мэдэл байдаггүй. Зөвхөн Д.Пүрэвдаваагийн өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу халаа сэлгээний ажил хийгддэг. Тодруулбал, Д.Пүрэвдаваагйин оруулсан хүмүүс удаа дараа зөрчил гаргаж, ажил дээр архидан согтуурч,хүүхдүүдийн нэрээр төслөөс мөнгө идэж байгаад үйлдэл дээрээ баригдчихаад байхад л халах тушаал гаргадаггүй.

Эмэгтэй ажилчдыг гадныхантай “явах”-ыг үүрэгддэг


Энэ талаар хүсэлт гаргаж, Д.Пүрэвдаваатай уулзахад өөдөөс “Чи ажлаа миний хүнд өгчих. Хүүхдээ хараад гэртээ суу. Цалинг чинь хэдэн сараар ч хамаагүй бүтнээр нь өгье” гэж хэлсэн. Тэгээд дардас тамга, хэвлэмэл хуудсын хамт өөрийнхөө хүн болох мэргэжилтэн н.Соёлоод яаралтай шилжүүлэхийг үүрэгдсэн.


Үүнийг би тухайн үедээ ойлгоогүй юм. Гэтэл дараа нь миний ажилчдыг дураараа халж сольж, дандаа залуу охидыг ажилд аваад төслөөр ирсэн гадныхантай орой үдшийн цагаар уулзахыг үүрэгдэх болсон. Хэлмэрч нэрийдлээр олон хоногоор авч явах тохиолдол гарсан. Гэхдээ хэргийн хариуцлага надад тохогдох учраас би Д.Пүрэвдаваатай очиж уулзаад, уурлаж маргалдсан. Энэ үеэс бид  хоёрын маргаан үүссэн юм.


-Хэзээнээс?
-2014 оны 9 дүгээр сараас гэсэн үг. Уг нь манайх төрийн үйлчилгээний байгууллага. Хороо, хороон дээр очиж хүүхдүүдийнхээ судалгааг явах ёстой. Гэтэл аль 2013 онд ирсэн материал дээр л ажиллаад явж байна.

 

Хүүхдүүд гудамжиндаа хөлдөөд үхнэ үү, чамд ямар хамаатай юм?


Түүнчлэн манай Баянзүрх дүүрэг бол өөрөө маш их онцлогтой, шилжилт хөдөлгөөн ихтэй, нутаг дэвсгэр томтой, зах худалдааны төвүүд олонтойгоос насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт их байдаг. Ажилгүйдэл ихтэйгээс хүүхдүүд сургуулиас завсардах, бэлгийн дарамтад орох тохиолдол бий.

Тиймээс ажилчдаа зохион байгуулж, Цагаан давааны хогийн цэг дээр хоёр хүн хүртэл тусгайлан томилж, хүүхдүүдийг хариуцуулсан. Гэтэл Д.Пүрэвдаваа “Манай дүүрэгт, хүүхдүүдэд зориулсан илүүдээ гарсан мөнгө байхгүй. Монгол Улс хүүхдийнхээ асуудлыг шийдэж чадаагүй байхад чи дүүргээр шийдүүлэх гээд яваад байгаа чинь ямар учиртай юм. Хүүхэд гудамжинд хөлдөөд үхэж байгаа нь чамд ямар хамаатай юм. Нэртэйгээр гудамжинд хөлдөж үхэж байгаа хүмүүсийг дүүрэгт авчраад амьдруулаач” гэж загнаад, томилсон мэргэжилтнүүдийг минь эргүүлж татсан.


Дээр нь унаа тэргээр хангаж өгдөггүй. Нутаг дэвсгэр томтой болохоор 20, 30 км алхахдаа алхаж, нийтийн тээврээр зорчихдоо зорчиж хүүхдүүдийнхээ асуудлыг шийдвэрлэдэг. Тэгж яваад гудамжинд гарсан хүүхэд олоод аваад ирлээ гэхэд байрлуулах газар байдаггүй. Асрамж халамжийн төвд л өгдөг.

 

50 саяар “Скай Ресорт”-д найр хийж, хэдэн биенийгээ шагнахдаа гар татаагүй


-Уг нь танай дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нь Засаг дарга Д.Пүрэвдаваа биш билүү?
-Манай дүүрэгт  өнгөрсөн 2014 оны гуравдугаар сарын 14-нд Хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Д.Пүрэвдаваа, гишүүдээр БЗД-ийн Прокурор, Нийгмийн хэлтсийн дарга, санхүүгийн хэлтсийн дарга, эрүүл мэндийн төвийн дарга, Боловсролын хэлтэс, цагдаагийн I, II, III хэлтэсийн дарга, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Соёлын ордон, Хүүхдийн холбоо, дүүргийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд  ажилладаг.


Гэтэл энэ хүмүүс хүүхдийн төлөө маш хойрго ажилладаг. Тухайлбал, БЗД-ийн 90 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Ойд зориулж хүүхдийн төлөө юм хийе, хүүхэд хамгаалах байртай болъё, Цэцэрлэгт хүрээлэн, ногоон төгөл байгуулж, Дүүрэг дээр эцэг эхчүүд ирж мэдээлэл авахад зориулж нэг давхарыг нь хүүхэд саатуулах, мэдээлэл өгөх хэсэгтэй болгоё хэмээн санал тавихад дэмжээгүй. Харин эсрэгээрээ илүү юманд мөнгө зарах гэлээ гээд загнаж, болиулсан. Гэтэл 50 саяар “Скай Ресорт”-д найр хийж, хэдэн биенийгээ шагнахдаа гар татаагүй.

Эхэс ховхорч, цус алдаж эхэлсэн


-Хоёулаа гол асуудалдаа эргээд оръё. Д.Пүрэвдаваа таны биед яасан гэж халдсан юм бэ?
-Ер нь байнга зодож, дарамталдаг. 2014 онд бид хоёрын асуудал хурцатсанаас хойш байнга орилж хашгичиж, өрөөндөө оруулж ирж байгаад зоддог болсон. Зөвхөн надад ч гэлтгүй бүх хүнтэй тэгж харьцдаг. Хамгийн сүүлд 2015 оны 11 сард, энэ оны 2 сард тус, тус биед ноцтойгоор халдсан. Улмаар 11 дүгээр сард биед халдсанаас тархиндаа гэмтэл авч, тэр нь одоо нугасандаа нөлөөлөөд, суулт өгч эхэлсэн.


Мөн тухайн үед Д.Пүрэвдаваад зодуулж, сэтгэл санааны дарамтад орсноос эхэс ховхролт өгч, цус алдан эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэхэд ардаас хүн явуулж, дөнгөж төрсөн, нярай биетэй эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн дунд дарамтлуулсан гээд зөндөө асуудал байна" гэсэн юм. Харин энэ талаарх мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Х.Ган-Ялалт тодруулахад,

“Тэрээр 2012 оноос би Засаг даргын дор ажиллаж байна. Намайг ажиллах хугацаанд зөрчилтэй асуудал гаргаж, ажилдаа дарамталсан тохиолдлыг би хараагүй. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнийг миний нүдэн дээр нэг ч удаа зодож байгаагүй. Н.Эрдэнэ тус төвийн дарга байхдаа удаа дараа харилцааны зөрчил гаргасан тул 2015 онд албан тушаалыг нь бууруулж, ахлах мэргэжилтэн болгосон. Албан тушаалыг нь бууруулсан байхад даргын өрөөндөө ажлаа хийдэг байсан хүн. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ зан харилцааны хувьд таарамжгүй байдаг. Түүний нөхөр нь уг нь АН-ын гишүүн гэдэг. Бид одоо 11.00 цагаас энэ мэдээлэлд албан ёсны тайлбар хийнэ” гэлээ.

Эх сурвалж : nekh.mn