-Д.Пүрэвдаваа: Надад супер хүн хэрэггүй, эндээс гар-
Тоймч Л.Баатархүү
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ажилчдаа зодсон, бусдад өөрийн үзэл бодлоо шууд тулгадаг, бусдыг өөрийнхөө гарын дор байлгах үйлдэл нь хэрээс хэтэрч хохирогчид нь Нийтийн эрхийг хамгаалах холбоо болон хэвлэлд хандаж эхлэв. Жирэмсэн эмэгтэйн биед хүрч, хэл амаар доромжилсон мөн хоёр ч хорооны Засаг даргыг гэр бүлээс нь салгасан ноцтой гэмээр асуудал хөндөгдөж эхэллээ. Түүнчлэн хохирогчид нь “Д.Пүрэвдаваа дарга сард нэг Засаг даргыг ажлаас нь халуулах арга зохиож хууль бус үйлдлээ хэрэгжүүлж байгаа” хэмээн сэтгэл гундуухан ярьж байна.
Үүнтэй холбоотойгоор хохирогчдын өмгөөлөгч Г.Батбаяраас дараах тодруулгыг авлаа. “Нийтийн эрхийг хамгаалах холбоо руу нийслэлийн Баянзүрх дүүргийн албан хаагчид, Засаг дарга нар гээд 10 гаруй хүн хандсан байна. Улмаар манай хуульчдын багт хүсэлт ирүүлж бид өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тэдний бидэнд хандсан үндэслэл нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдэлтэй холбоотой гэх асуудлаар хандсан. Учир нь тус дарга ёс зүйгүй авирладаг, хууль бус үйлдэл гаргадаг, өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгадаг, ажлын байрны дарамт үүсгэдэг гэх мэт асуудлуудыг цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа юм. Иргэдийн хэлж буйгаар өнгөрсөн хоёр, гурван жилийн турш уг эрх бүхий албан тушаалтан ажилчид, багийн нөхөд рүүгээ дайрах, доромжлох гээд хууль бус үйлдлүүд гаргаж ирсэн, нэг ёсондоо бугшсан асуудал болж хувирчээ. Шаардлага хангасан факт, баримтууд нь манай үйлчлүүлэгчдэд бий. Түүнчлэн Д.Пүрэвдаваа даргатай холбоотой олон баримттай асуудал байгаа. Гэхдээ эдгээр асуудлыг эцэслэн шүүх тогтооно. Нэмж хэлэхэд үүнд ямар нэгэн улс төрийн нөлөө, шалтгаан байхгүй. Хохирогч нар урт хугацаанд шүүх, цагдаагаар явсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй гэж буй. Тиймээс олон нийтийн хэрэгслээр хандаж эхэлж байгаа нь энэ”.
Тэрбээр ийн ярилаа. Харин хорооны Засаг даргын ажлаас Д.Пүрэвдаваа даргын нөлөөгөөр хууль бусаар халагдсан, байнга ажлын байрны дарамт шахалтад байдаг, эл даргын зүй бус үйлдэл, явуулгаар гэр бүлээсээ хүртэл салсан хохирогч хэмээж буй хүмүүсийн байр суурийг хүргэе.
БЗД-ийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа:
-Энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Д.Пүрэвдаваа дарга намайг өөрийнхөө өрөөнд нарийн бичгийн даргаараа дуудуулсан. Дуудуулсных нь дагуу очиж уулзахад “Засаг даргынхаа ажлыг өг. Нөхөн олговрыг чинь өгнө” гэх дарамттай гурван болзлыг тавьсан. Гэтэл миний хувьд бусад хороодоос үйл ажиллагаагаараа тэргүүлж, нийслэлээс хүртэл үнэлэмжээ жил болгон авч ирсэн. Мөн 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хороодын Засаг дарга нарын шуурхай хурал зарласан байдаг. Уг хурал дээр Д.Пүрэвдаваа 60 гаруй хүний өмнө “Таныг энэ хуралд хэн дуудсан юм. Муу хулгайч минь. Дүүргийн хаалгаар битгий оруул” гэх мэтээр ямар ч үйлдэл гаргаагүй байхад намайг гутаан доромжилж, хөөж гаргасан. Үүнийг хуралд ирсэн бүх хүн гэрчилнэ. Би өнөөдөр Д.Пүрэвдаваа гэдэг хүний хувийн компанид ажлаагүй.
Манай хорооны ажилчдыг одоо миний эсрэг ашигладаг болсон. 12 хэсгийн ахлагчийн маань нэг сарын урамшуулал цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй. Бусад хорооны мөн 50 гаруй хэсгийг ахлагч урамшууллаа аваагүй явна. Угтаа Д.Пүрэвдаваа даргын халааснаас тэр мөнгө гарахгүй. Мөнгө өгөхгүй буй гол шалтгаан нь надтай харьцаа муутайгаас болж хэсгийн манай ахлагч нарын урамшуулал өгөхгүй байгаа хэрэг. Саяхан Цагаан сарын өмнө манай ахлагч нарыг “Хорооныхоо удирдлагатай хамтарч ажиллахгүй гэсэн гарын үсэг зураад өгчих. Тэгвэл та нарыг ажилд чинь авъя” гэж хэлээд гарын үсэг зуруулсан байгаа юм. Би үнэхээр муу байгаа бол надтай л хариуцлага тооц. Миний ажилчид, амьдрах гэж ядаж яваа хүмүүсийг битгий оролдож, боймлоо ч гэж хэлмээр байна.
Үүнээс гадна энэ эрхэм дарга намайг болон 15 дугаар хорооны Засаг даргыг гэр бүлээс нь салгасан. Өөрийнхөө хууль бус үйлдлийг өнгөлөн далдлахын тулд миний гэр бүлийн хүнийг ашигласан байдаг. Би өнөөдөр нөхрөөсөө салчихсан явна. Яагаад гэвэл манай нөхөр өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Надад удаа дараа гар хүрдэг. Гэтэл би 2013 оноос хорооны Засаг даргын ажлыг авснаас хойш нөхрийн үйлдэл бүр хэрээс хэтэрсэн. Үүний цаана юу нуугдаж байна вэ гэвэл Д.Пүрэвбаатар дарга хүний эмзэг асуудлыг судалж манай гэр бүлд нөхрөөр дамжуулж тоглолт хийсэн. Тухайлбал, манай нөхөрт “Эхнэр чинь өөр хүнтэй явж байна, буудалд орсон, архи уудаг” гэх мэтээр худал хов, мэдээлэл өгч гэр бүлийн асуудлыг бүр хурцатгасан. Биднийг салсны дараа нөхөрт “Д.Оюунтуяаг намд нь гомдол гарга, Авлигатай тэмцэх газар өг” гэх мэтээр 2015 оны 10 дугаар сарын эхээр дуудаж уулзан зөвлөж, ухуулга хийсэн байгаа юм. АТГ-аас намайг шалгаад юу ч тогтоогдоогүй. Энэ мэт Д.Пүрэвдаваа дарга хүний амьдралаар зэвсэг хийж увайгүй үйлдэл хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Дулмаа: Тайлангийн хурлыг сонгууль болгож өөрчилсөн
-Өнгөрсөн 2012 оноос хойш би тайлангийн хурлаас болж дүүргийн Засаг даргатайгаа муудалцаж эхэлсэн. Эхний хурлаар тайланг автоматаар баталсан. Гэтэл миний байр суурь “Бид иргэдээс сонгогдсон учраас тэдэнд үнэн бодит тайланг тавих ёстой” гэсэн. Ийм шаардлага тавьсны төлөө намайг ажил хийх боломж нөхцөлөөр хангахгүй, хавчиж эхэлсэн юм. Дараа нь 2014 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр Д.Пүрэвдаваа дарга тайлангийн хурал тавина гэсэн нэрээр хууль бус хурал зарлаж иргэдийн дунд “Хурлын даргаар би н.Мөнх-Эрдэнэ гэж найзыгаа тавина” гэж өөрийнхөө дур зоргоор хэлснийг хуралд ирсэн бүх хүмүүс дуулсан. Уг нь иргэдийн нийтийн хурлыг 14 хоногийн өмнө зарлах атал Засаг дарга өөрөө дур мэдэн хурлын товыг гэнэт зарласан байдаг. Улмаар доод буландаа кодтой урилга өгч, хүмүүст бэлэг тараасан. Мөн хуралд ирсэн хүмүүст н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний танилцуулга маягийн нэрийн хуудас өгсөн юм. Ингээд тайлангийн хурал биш сонгуулийн хурал болж хувирсан хэрэг. Адаг сүүлдээ намайг хавчиж урамшууллыг маань хүртэл өгөхгүй, дүүргийн Тамгын газар руу ороход хүртэл хориотой болж ажиллах боломж өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байдалтай байж ирлээ. Уг нь Иргэдийн хурлын даргыг өөрсдөө сонгож өөрчилдөг. Харамсалтай нь энэ эрх мэдэлтний дүрмээр хэн дуртай нь иргэдийн сонголтыг өөрчилдөг болох нь. Миний бие болон охинд минь Д.Пүрэвдаваа даргын гар хөл болсон хүмүүс гар хүрсэн. Зүүн гар хөхрөлтэй гарч цагдаагийн байгууллагад шүүх эмнэлгийн бичгээ үзүүлээд гомдол гаргахад “Хөнгөн гэмтэл” гэсэн нэрийдлээр хэрэг үүсгээгүй. Энэ мэт олон шударга бус үйлдэл гаргаж, цагдаа, хуулийн байгууллага нь хүртэл Д.Пүрэвдаваа даргад үйлчилж буйд харамсаж байна.
БЗД-ийн 15 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байгаад хууль бусаар халагдсан гэх Г.Гантуяа: Тамгын газрын байр Д.Пүрэвдаваагийн хувийн ордон биш
-Д.Пүрэвдаваа даргын үзэл бодлыг зөвшөөрөхгүй мөн үзэл бодлоо илэрхийлсэн хүнд маш дургүй байдаг. Ингэсэн хүмүүсийг ажил, албан тушаалаас нь буулгах олон арга хэрэглэж эхэлдэг. Жишээлбэл, оройн 21:00 цагт бусдын гэрт очиж дайрч дарамталдаг, ажлын байран дээр бусдыг зоддог зэрэг баримтаар нотлогдсон зүйл олон бий. Араас машинтай хүмүүсээр мөрдүүлдэг, төрийн тамгыг хулгайлуулах гээд асуудал өчнөөн өрнөнө. Намайг Засаг дарга байхад өнгөрсөн оны тавдугаар сарын 15-ны өдөр манай хорооны Зохион байгуулагчаар миний тамгыг хулгайлуулсан. Одоогийн байдлаар таван Засаг дарга, нэг Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Пүрэвдаваа даргын хууль бус арга, нөлөөгөөр ажлаас халагдаад байна. Үнэндээ Баянзүрх дүүргийн Тамгын газрын байр төрийн өмч болохоос биш Д.Пүрэвдаваагийн хувийн ордон биш. Түүнчлэн үзэл бодлоо илэрхийлэх чадамжтай хүнийг “Надад супер хүн хэрэггүй” гэх мэтээр дарамталж ажлаас халах зэргээр өөртөө үг дуугуй үйлчилдэг хүн болгон өөрчилдөг.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн дарга н.Эрдэнэ гэх жирэмсэн эмэгтэйг өвчтэй байх хугацаанд ажлаас нь халжээ. Тэрбээр ажлаас халагдсан шалтгаанаа асууж ороход хөөж гаргаж улмаар зодсон гэх мэдээлэл ч бий юм. Энэ мэтчилэн эрхэм даргатай холбоотой асуудал хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлэхэд тулав. Уг нь ард түмнийг удирдаж, тэдний саналаар шийдвэр гаргах төвшний албан тушаалд хүрсэн бол төрийн ажлыг нэр төртэйгээр хийж бас ухаалгаар багаа удирдаж амжилтаа ахиулах учиртай. Харамсалтай нь Д.Пүрэвдаваа дарга сонгогчдоо болон багийн нөхдөө гонсойлгоход хүрчээ.