-Шинэ цогцолборын авто худалдааны зогсоолыг өмчлөх асуудал тодорхойгүй байна-
Сэтгүүлч Т.Бэх
“Авто худалдааны цогцолбор” байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ цогцолборын удирдлага, албаны хүмүүс болоод авто худалдаа эрхлэгчид одоо болтол ойлголцолд хүрч чадахгүй яваа нь асуудал болоод байгаа бөгөөд холбогдох маш олон учир шалтгаантай. “Шинэ тутам ажлыг дэмжихгүй гэдийж, нүүхгүй байна” хэмээн автомашин худалдаалагчдыг адлах хандлага олон хүний байр суурьнаас ажиглагдаж байна. Гэвч дутуу дулимаг ажлыг яаж ч зөвтгөөд үр дүнгүй шүү дээ.
Хамгийн сүүлд "Авто худалдааны цогцолбор"-ын дарга Д.Байдрагийг АТГ-аас шалгаж албан тушаалаа урвуулан ашигласан, орон нутгийн өмч завшсан тухай мэдээлэл цацагдснаас үзвэл асуудал зөвхөн худалдаа эрхлэгчдэд байгаа биш бололтой.
Юутай ч авто тээврийн холбогдох зарим төрийн үйлчилгээ тухайлбал, тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг шинэ цогцолборт үзүүлж эхэлсэн ч, хамгийн гол нь авто худалдаа эрхлэгчид очоогүй байгаа юм. Магадгүй шинэ цогцолбор хэвийн ажиллах хүртлээ дахиад хэдий хугацаа зарцуулах нь тодорхойгүй байна.
Гэтэл нэгэнт ойлголцохгүй байгаа асуудлаа эрх бүхий хүмүүс нь шийдэхийг оролдох бус хоосон уриалга хийж, дутуу дулимаг ажлаа сурталчилсаар байгаа нь асуудлыг бүр ч хүндрүүлж байгаа бололтой. Хэн ч харсан 20 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн гэх цогцолборт өнөөдөр хөл хөдөлгөөн бага шинэ зам, хэдэн контейнерээс өөр үзүүлэх зүйлгүй байхад яаж нүүх билээ.
Бас нэг асуудал юу гэхээр авто худалдаа эрхлэгчдийн мэдэгдэж байгаагаар шинэхэн цогцолборт дэвссэн 6375 зогсоолын нэг бүрийг нь 4.5 сая төгрөгөөр худалдан авахад хүндрэлтэй байгаа аж. Тодруулбал, анхнаасаа нэг зогсоолын өртгийг сая төгрөг байсныг шалтгаангүйгээр нэмэгдүүлсэнд тэд эсэргүүцсээр байх нь тодорхой байна.
Тэгээд ч нэг худалдаа эрхлэгч ойролцоогоор 10 машин зогсоож, наймаа хийх сонирхолтой, тэгж байж л машин зарагддаг. Гэтэл тухай бүрт нь зогсоол худалдан авъя гэхээр дор хаяж 45 сая төгрөг болно. Эдийн засгийн ийм хүндрэлтэй үед, тэр тусмаа иргэдийн худалдан авах чадвар илт муудсан энэ үед хэн ч өөрийнхөө халааснаас ийм хэмжээний мөнгө гаргаж эргэлтийн хөрөнгө ч үгүй эрсдэлтэй байдалд орохыг хүсэхгүй нь лавтай. Тэгэхээр ченж, ченж гэж гадуурхахаас урьтаад тэдгээр хүмүүс ч бас ар гэрээ тэжээх гэж яваа, тэгэхдээ бүр төрөөс юу ч хүсээгүй, бор зүрхээрээ яваа хүмүүс гэдгийг ойлгож яагаад болохгүй гэж.
Цогцолборын удирдлагуудын мэдэгдснээр “Автомашины зогсоол бүр дээр эзэмшлийн өмчлөлийн гэрчилгээ гардаг тул худалдан авсан хүнд найдвартай үл хөдлөх хөрөнгө болно” хэмээн сурталчилж байгаа ч одоогоор тэнд зогсоол худалдан авсан хүн байхгүй гэдгийг авто худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.
Мөн мянга гаруй хүн зогсоол худалдан авсан тухай цогцолборын захирлын яриаг тэд эрс үгүйсгэж байна. Учир нь авто худалдаа эрхлэгчид бүгд тэрхүү алслагдсан газрын бүтээн байгуулалтад сэтгэл дундуур байгаа бөгөөд анх цаасан дээр харуулсан зураг, амьдрал дээрх байдал хоёр тэс ондоо байгаа. Тэгээд ч албан шахаа болчихоод байгаа зогсоолуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах хүн байхгүйгээс гадна, Өмчийн харилцааны газраас гэрчилгээ гаргаж өгөх тухай асуудал нь ч ойлгомжгүй байна. Тэр бүү хэл худалдаа эрхлэгчидтэй ойлголцохгүй байгаа цогцолборын удирдлагуудыг ч өдгөө нийслэлийн “томчууд” сонгууль болох гээд анхаарах завгүй яваа гэнэ билээ.
Өнгөрсөн гурван сард шинэ цогцолбороос нэг ч машин зарагдсангүй...
Өнөөдөр нийслэлд албан бус тооцоогоор Авто худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 3000 орчим хүн бий. Эдгээрээс ядаж ганц мянга нь ч шинэ цогцолборт очоогүй байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд шинэ цогцолбороос нэг ч машин зарагдаагүй аж. Угаасаа тэнд байгаа хэдэн машин бол худалдаа эрхлэгчдийнх биш, гаалийн барьцаанд хураагдсан үзүүлэнгийн шахуу машинууд гэх юм билээ.
Авто худалдааны цогцолборын сайтаар орвол цаашид орчин үеийн авто экспо зориулалтын барилга, худалдаа үйлчилгээний 3-12 давхар 15 ширхэг барилгууд баригдахад бизнесээ өргөжүүлэх боломжтой, авто худалдаа болон цаашид баруун бүсийн худалдаа, үйлчилгээний төвлөрөл үүсэх тул бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэнэ, ая тухтай ногоон орчинд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцлийг хангаснаар цогцолборыг зорих хэрэглэгчдийн тоо өснө гэх таатай үгс харагдах боловч нийт энэ бүхний өртөг нь 100 тэрбум хүрэх юм. Гэтэл одоогоор 20 тэрбумыг тэр хол газар хэдэн зогсоол, контейнероос өөр зүйлгүйгээр үрчихжээ. Цаашлаад дараа дараачийн санхүүжилт нь хүндрэлтэй байгаа нь илэрхий асуудал. Гэхдээ дараагийн санхүүжилтийг худалдаа эрхлэгчдэд өндөр үнэтэй зогсоол шахах замаар олох гэж байгаад худалдаа эрхлэгчид эгдүүцэх нь ч буруу зүйл биш.
Зөвхөн авто худалдаа эрхлэгчдэд ч бус шинэ цогцолборт нь бизнес эрхлэх сонирхолтой байгаа хүмүүсийн ч дургүйг хүргэхээр болзол бий. Жишээ нь, тэнд үйл ажиллагаа явуулах гэж буй хувийн хэвшлийнхний хувьд жижиг хэмжээтэй зөөврийн сууцуудад үйл ажиллагаа явуулах учиртай. Харин тэр зөөврийн сууц нь зах зээл дээр 5-8 сая төгрөгөөр зарагддаг контейнерууд төдийхөн. Асуудлын гол нь түүнийгээ 36 саяаар үнэлээд байгаа юм.
Талуудын энэ ойлгомжгүй нөхцөл байдалд өмгөөлөгч К.Султанбек хийсэн дүгнэлтдээ, “Хүмүүсийг байгаль орчны үнэлгээгүйгээр, техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргахгүйгээр нүүлгэн шилжүүлэх гэсэн засаг захиргааны ажил” хэмээсэн. Энэ нь ч илэрхий үнэн бөгөөд эхлүүлсэн ажил нь ийм байдалтай нуран унаж байгаа нь эхнээсээ бодлогогүй шийдвэрин гор. Үүнийг нь гурван сар болоход нэг ч автомашин зарагдаагүй, бүр үзэх хүмүүс ч ирээгүй нь үүнийг нотолж байгаа юм.
Мөн цогцолборт зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барих газрын дуудлага худалдаа дахин дахин явуулж байсан нь энэ цогцолборын бүтээн байгуулалт, ажлууд олон талаар учир дутагдалтай байгааг харуулж байна. Худалдаачид, худалдан авагчид нь очихгүй ийм газар хөрөнгөө үрэн таран хийж байдаг ямар бизнесмэн байх вэ дээ.