богино мэдээ New

Г.Шийлэгдамбын ил захидал “МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох 170 000 ам.долларын хэрэг" -ийг илчиллээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргын өрөөнд нь 50 000+120 000=170 000$ намын санхүүжилтдээ авч байгаагаар нь баривчлах байсан юм биш үү. .

Сэтгүүлч Н.Баямба

“Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө 500 сая төгрөг авлигад авах гэж байгаад баривчлагдлаа” гэсэн “азгүй” мэдээллүүд өнгөрсөн оны сүүлчээр олны доог болж билээ. Түүний дараа “Г.Шийлэгдамбын бие нь муудлаа, эмчлүүлж байна” гэсэн мэдээллүүд цуварсан ч одоо сонирхуулах гэж байгаа шиг анхаарал татсан нь үгүй болов уу.

Юу гэвэл 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний орой баривчлагдсан Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба өчигдөр олон нийтэд ил захидал бичлээ. Түүний захиа “500 сая төгрөгийн авлигын мөнгөтэйгээ хамт ажлын өрөөнөөсөө гардуулсан” гэх хэргийн учрыг төдийгүй, тухайн тэр мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсныг илчиллээ. Үүгээрээ хууль, цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд үнэн бодит байдлын мөрөөр орж шалгаасай гэсэн бололтой. Уг захианд бичсэнээр бол Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэсэн өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө “гардуулсан” 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Тэр ч байтугай хэрэв азгүйтэж баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан гэнэ.

Түүний бичсэн захианд итгэх албагүй ч үнэмшиж болох магадлал дэндүү өндөр, бас чиг Г.Шийлэгдамба хоригдохоос айгаад барин тавин хүн гүтгэх үү, үгүй юу гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Тиймээс зүгээр л олдсон захиаг тэр чигээр нь сийрүүлье.

 

Олон нийтэд хүргэх ил захидал

Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна.  Үүнд:

Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад  хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.

Чухам бодит байдал дээр юу болсон тухай  дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж   өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм.  Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.

Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.                                                            

                                             МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн

                                           Дарга Г.Шийлэгдамба /Гарын үсэг нь/

                                                                2016-01-28

Ийм л захиаг Г.Шийлэгдамба бичиж. Тэгэхээр Г.Шийлэгдамба сайдыг өрөөндөө их хэмжээний мөнгө агуулж байгааг мэдээд гэнэт орж гардсан АТГ-ынхан жаахан л хүлээсэн бөгөөд арай гүнзгий мэдээлэлтэй байсан бол магадгүй МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргын өрөөнд нь 50 000+120 000=170 000$ намын санхүүжилтдээ авч байгаагаар нь баривчлах байсан юм биш үү. Үүнийг Г.Шийлэгдамбын айхдаа даргыгаа илчилсэн арга ядсан мэх биш, хэргийн үнэн мөнийг зөв олоосой гэх үүднээс холбогдох хуулийн байгууллага, шүүх, прокурор, АТГ тэргүүтэнд хандсандаа ийнхүү олон нийтэд хаяглан ил захидал бичлээ гэж харагдаж байна. Харин захидлаас хойш дээрх байгууллагууд шалгалтын зүг, чигээ өөрчлөх эсэхийг нь анхааралтай ажиглах болно.

www.zaluu.com