богино мэдээ New

Дахин төлөвлөлтөөс болж гудамжинд гарсан иргэний өчил

Гэвч уг ажил дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулах болоход цаасан дээрх мөрөөдөл хэвээр үлдээд байна. Түүний сонгуулийн шоуны золиос болсон хэдэн зуун иргэн өнөөдөр орох оронгүй түрээсийн байр хэсэж, хоног төөрүүлэн яваа. Үүгээр ч зогсохгүй гудамжинд гарсан иргэд ч байгаа юм..

Сэтгүүлч Д.Дуулим

Хотын дарга Э.Бат-Үүлийн сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болох "Гэр хорооллыг орон сууцжуулах" хөтөлбөр нь 2013 оноос ажил хэрэг болж, сүр дуулиантай эхэлж  байлаа. Гэвч уг ажил дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулах болоход цаасан дээрх мөрөөдөл хэвээр үлдээд байна. Түүний сонгуулийн шоуны золиос болсон хэдэн зуун иргэн өнөөдөр орох оронгүй түрээсийн байр хэсэж,  хоног төөрүүлэн яваа. Үүгээр ч зогсохгүй гудамжинд гарсан иргэд ч байгаа юм.  

Тодруулбал, дахин төлөвлөлтөд хамрагдаж орон гэрээ хүлээлгэж өгсөн зарим иргэд “гудамжны” тодотголтой болж шинэхэн байраа хүлээсээр жил жилийн нүүрийг үзэж сууна.  Тэд ганц, нэгээрээ хөлөө хүрэх газар явсан ч тусыг эс олжээ. Тиймээс дахин төлөвлөлтөөр хохирсон иргэд дуу хоолойгоо нэгтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж эхлээд байна.  Манай сайтад дахин төлөвлөлтийн золиос болон хохирсон иргэн Г.Цэрэнбат хандлаа.

 

-Дахин төлөвлөлтөөс болж гудамжинд гарч, хоёр хүүхдээ ч алджээ-


-Дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд цөөнгүй байна. Таны хувьд  чухам яаж хохирсон бэ?
 -Би 2013 оны аравдугаар сард дахин төлөвлөлтийн “Жи Ди” ХХК-тай хоёр талт гэрээ байгуулсан. Тэд гэрээ байгуулахдаа  “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд танай газар хамрагдаж байна. Тиймээс та бүхэн газраа чөлөөлж өг”  гэсэн.  Ингээд гэрээнд заасны дагуу би газраа чөлөөлж өгсөн. Тухайн үед газраа чөлөөлж өгсөн айлуудад байр түрээслэх мөнгө гэж сарын 700 мянган төгрөг өгсөн байдаг. Гэтэл манай гэр бүлд байр түрээслэх мөнгө  өгөөгүйгээс болж бид гудамжинд гарсан.


 

-Ямар учраас байр түрээслэх мөнгө өгөөгүй юм бол?
-Манай хашаанд надаас гадна, манай хүүхдийнх байсан. Өөрөөр хэлбэл, хоёр айл амьдардаг байсан. Гэтэл тэд надад түрээсийн мөнгө гэж юу ч өгөөгүй. Үүнээс болж би гудамжинд гарсан. Хүүхдүүд маань ч гудамжинд гарч сэтгэл санааны гүн хохиролд орсон.


Манай хүүхдийнх хоёр давхар байшинд харин би тусдаа байшинд амьдардаг байсан. Манайх машины гаражтай  их тохь тухтай айл байсныг хөрш зэргэлдээх айлууд ч хэлнэ. Гэтэл энэ бүхнийгээ сайхан орон сууцтай болгоно гэсэн тэдний үгэнд итгээд үгүй хийчихлээ.


-Дахин төлөвлөлтөд барих барилга нь баригдаж эхэлсэн юм уу?
-Эхний ээлжийн барилга нь баригдаад хүмүүсээ оруулчихсан гэж байсан. Харин дараагийн ээлжийн барилга нь  баригдаж эхлээгүй байж байна. Ирэх улиралд ашиглалтад орно гэж байгаа ч баригдаж ч эхлээгүй барилга товлосон хугацаандаа ашиглалтанд орно гэж бодохгүй байна.


 

-Түрээсийн мөнгөгүй, хашаа байшингаа хүлээлгэж өгсөн та яг хаагуур амьдарч байв?
-Хамаатан садныхаараа  хоноглож  байгаа. Мөн надтай хамт амьдардаг байсан хүүхдүүд маань маш хэцүү байдалд орсон.  3 сарын дотор хоёр хүүхдээ алдлаа.


Охин маань сэтгэл санааны дарамт хэцүү байдалд байж байгаад нас барчихсан. Тун удалгүй  сарын дараа хүү маань өөд болсон.


Уг нь ядаж түрээсийн байрны мөнгө өгчихсөн бол сэтгэл санааны гүн дарамтад орж, гудамжны хүмүүс шиг явахгүй байсан байх.  Хэлсэн амандаа хүрээд байраа барьж хугацаанд нь ашиглалтад оруулсан бол өнөөдөр нөхцөл байдал ямар ч байх билээ. Хоёр хүүхэд маань амьд сэрүүн ч байх юм билүү гэж би бодох юм.


 

-Та газар, байшингаа чөлөөлж өгөхгүй байж болоогүй юм уу?
-Хот төлөвлөлтөд ороод бүх айл газраа чөлөөлчихсөн байхад би ганцаараа хүнд суртал гаргаад яах вэ л гэж бодсон. Тог цахилгааныг ч тасдчихсан тийм газар хэрхэн амьдрах билээ. Хотын хөгжил дэвшилд саад хийгээд яахав ч гэж нэг талаараа бодсон.


 Уг нь хашаа байшиндаа амьдарч байхад сайхан л байлаа. Дахин төлөвлөлт нэртэй ард иргэдийг сэтгэл санааны дарамтад оруулсан энэ үйлдэлд би  Хотын дарга Э.Бат-Үүлийг буруутгаж байгаа. Тэр хүн  гэр хорооллын иргэдийг ухуулан сурталчлаагүй бол бид хэндээ итгэж ийм зүйл хийх вэ  дээ.  Миний хувьд орон гэргүйн дээр, хоёр хүүхдээ алдаад амьдрахад ч хэцүү болж байна.

 

-“Жи Ди” компанийн барилгын ажил одоо ч хийгдээгүй байна-

 


 

СХД-ийн 5-р хорооны Засаг дарга М.Одонхүү “Сонгино хайрхан дүүргийн 5 хороо бол гэр хороолол давамгайлсан газар. 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ороод 2 компани шалгарсан. “Жи Ди” компанийн хувьд 1300 гаруй өрхийн 65.1 га газар дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх болоод 2013 оноос хойш гэрээ хийж байгаа ч одоогоор барилгын ажил хийгдээгүй байна. Тус компанитай гэрээ хийсэн 23 айл газраа чөлөөлж нүүгээд байгаа. Ер нь анх гэрээ хийснээсээ хойш их хүлээлт үүсгэсэн, хэд хэдэн удаа хойшлуулаад байна. Иргэдийн хувьд дахин төлөвлөлтөнд орчихсон болохоор хашаа хороогоо өөрчилж янзалж болохгүй байдалтай байна. Сүүлд сонсоход ЖИ ДИ компани өнгөрсөн 12 сард нэг барилгынхаа суурь, карказыг босгоно гэж байсан ч одоогоор мэдэгдсэн юм алга. Миний хувьд дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар иргэдийн санал гомдлын дагуу зохих шатны байгууллагад нь хандаж ажиллаж байна” гэлээ.

 

Дахин төлөвлөлтийн эргэн тойронд ер нь юу болоод байна аа. Хотын дарга Э.Бат-Үүл гаргасан шийдвэрээ эргэн харж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, асуудлын шийдлийг эрэхлхийлэх хэрэгтэй бус уу?

www.24tsag.mn