богино мэдээ New

"Моннис"-ийн дахин төлөвлөлтийн байр ашиглалтад орохыг хүлээсээр насан эцэслэжээ

Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол ихтэй Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил 2013 онд эхэлсэн. Зарим хариуцлагаа ухамсарласан компаниудын хувьд иргэдээс чөлөөлж авсан газартаа орон сууцаа барьж цаг хугацаанд нь ашиглалтад оруулаад байгаа юм.Гэхдээ энэ нь ганц нэгхэн компанид хамааралтай. Харин бусад нь гурав, дөрвөн жил дамнаж сүүлдээ газрыг нь чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг ч өгөлгүй луу унжих болсон байна. .

Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гарган ажиллаж буй Э.Бат-Үүл даргын хамгийн том ажил болох гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлууд ар араасаа урган гарсаар байна. Түүний 2012 оны сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болж, нийслэлчүүдийн саналыг хуу хамсан дахин төлөвлөлтийн ажил өдгөө замхарсаар, уг ажлын уршгаар шүүх цагдаагийн байгууллага дээр очихдоо тулжээ. Дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон компаниудын хувьд иргэдийн итгэлийг хэдийнээ алдаж, бүр сүүлдээ чөлөөлж авсан газартаа байшин барилгаа барихгүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөхгүй ийм байдал хэд хэдэн байршилд давтагдсаар байна. Мөн газраа чөлөөлөхгүй гэсэн иргэний биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг хүртэл гарсан байна. 

Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол ихтэй Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил 2013 онд эхэлсэн. Зарим хариуцлагаа ухамсарласан компаниудын хувьд  иргэдээс чөлөөлж авсан газартаа орон сууцаа барьж  цаг хугацаанд нь ашиглалтад оруулаад байгаа юм.Гэхдээ энэ нь   ганц нэгхэн компанид хамааралтай.  Харин бусад нь  гурав, дөрвөн жил дамнаж сүүлдээ  газрыг нь чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг ч өгөлгүй луу унжих болсон байна.

Бид өмнө нь нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн ажил хийж буй “Моннис Урбан Девелопмент” компани 125  айлын газар чөлөөлж авчихаад түрээсийн мөнгөө өгөхгүй иргэдийг хохироож байгаа талаар мэдээлж байсан. Энэ дагуу яг хаана асуудал үүсээд, иргэд ийнхүү хохирч байгаа талаар тодруулахаар талуудтай уулзсан юм. “Моннис Урбан Девелопмент” компанийнхан бидэнтэй уулзаж тайлбар өгөхийг хүсээгүй юм.

Харин нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтнээс энэ асуудлаар тодруулахад  “Эдийн засгийн хямралаас үүдээд хөрөнгө мөнгөний асуудал үүсэж, хугацаандаа ашиглалтад орохгүй байдал бий болсон. Харин 2015 оны сүүлээр энэ асуудлаа шийдвэрлэсэн гэж “Моннис” компаниас бидэнд мэдэгдсэн. Тиймээс барилгын ажил хавраас эхэлнэ. Түрээсийн тухайд бол иргэдтэйгээ тохиролцчихсон хэвийн өгөөд явж байгаа байх” гэдэг хариултыг өгсөн юм.  

Энэ бүхний дараа  бид 14 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж асуудал шийдэгдсэн эсэхийг тодруулахад алдаг оног өгч байгаа. Яаралтай хэрэг болсон айлуудад түрээсийн мөнгийг нь өгч байгаа харин түрээсээ аваагүй өчнөөн айл байгаа гэж байлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс бидэнтэй огт уулзаагүй,  барилга байшингаа хэзээ барьж ашиглалтад оруулах талаар ч ам нээхгүй байна  хэмээн тус хорооны иргэд цөхрөнгөө бараад сууж байна. 

“Моннис Урбан Девелопмент” компанийн  орон сууц барихыг хүлээж тэсэлгүй, түрээсийн байр хэссээр насан эцэслэсэн хүн ч байгаа гэдгийг иргэд хэлж байна. Бие муутай нас дээр гарсан хөгшин эмнэлэгт эмчлүүлэх  нь байтугай амьдралынхаа сүүлийн жилүүдэд  энэ компаниас түрээсийн мөнгө авахын тулд нэхэл дагал болж явсаар бие нь улам дорджээ. Орох оронгүй түрээсийн байр хэсэж явсан хүмүүсийн хувьд талийгчаа өнөөдөр гудамжнаас сүүлчийн замд нь үдэхийн наагуур юм болж байгааг нүдэндээ нулимстай өгүүлж байна тэд.  Нэгэнт бие сэтгэл, амь насаараа хохирч буй иргэд одоо юу  ч хүлээлгүй тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгон тэмцэнэ гэдгээ ч дуулгаж байна. 

“Моннис” орон сууцаа яг хэзээ ашиглалтад оруулахаа хэлээгүй 

Бид дүүргийнх нь иргэдийнх нь эрх  ашиг зөрчигдөж, хохирч байгаа асуудлаар  БЗД-ийн засаг  даргын орлогч Т.Батцогттой уулзаж зарим асуудлаар тодрууллаа.

-Танай  дүүргийн 14 дүгээр хороонд дахин төлөвлөлт хийж буй Моннис компанийн хувьд иргэдийн түрээсийн мөнгийг өгөхгүй   талууд ойлголцолд хүрч чадахгүй ийм байдалтай байна. Яг энэ асуудалд дүүргийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 
-БЗД-ийн хувьд 2013 оноос 2, 8, 12, 14, 16 дугаар хороонд дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж, эхнээсээ айлууд нь байрандаа орсон байна. Харин заримынх нь хувьд газраа чөлөөлж өгчихөөд байраа ашиглалтад орохыг хүлээж байгаа байдалтай байна. 14 дүгээр хорооны иргэд дахин төлөвлөлтийн асуудлаар асуудал үүсгээд, хэд хэдэн компанид гомдол мэдүүлээд байгаа. Моннисийн хувьд эдийн засгийн хямрал барилгын компаниудад хүндээр туссан нь нөлөөлж, байраа хугацаанд нь ашиглалтад оруулаагүй асуудал үүссэн. Харин нөгөө талаас зарим иргэд газраа чөлөөлөхгүй, зах зээлийн ханшаас хэт өндрөөр үнэлж, асуудал үүсгэсэн ийм байдал үүсгээд байгаа. Энэ асуудлаар нийслэлийн Очирбат дарга болон компанийн төлөөлөл, иргэдтэй өнгөрсөн долоо хоногт уулзалт зохион байгуулсан.  

-Дээрх  хорооны иргэдийн хувьд хугацаандаа ашиглалтад орохгүй байна гэдгээс гадна түрээсийн мөнгөө авч чадахгүй байгаа асуудал үүссэн. Яг энэ асуудлаар танай зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Дүүргийн зүгээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд аль аль талуудын асуудлыг сонсож, хоёрлосон, гурвалсан уулзалтыг байнга зохион байгуулж, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд авч болох арга хэмжээнүүдийг авч байгаа.  Дүүрэг ямар арга хэмжээ  авч чадах тэр хэрээрээ л тухайн компанид нь албан бичиг хүргүүлж байна. 

-Хамгийн сүүлд  “Моннис” компанийнхантай холбогдож, тайлбарыг сонссон бэ?
-Өнгөрсөн долоо хоногт Очирбат дарга болон Моннисийн удирдлага, албаны хүн болоод иргэдтэй гурвалсан уулзалт зохион байгуулсан. Бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлаг гаргаж тавьж байгаа. 

-Уулзалтаар яг юуг шийдвэрлэсэн бэ? Моннисийн баригдаж буй  хоёр блок орон сууц хэзээ ашиглалтад орох вэ?
-Моннисийн хувьд ашиглалтад өгөх хугацаа аль хэдийн хэтэрчихсэн байгаа. Гэхдээ бидэнд орон сууц яг хэзээ ашиглалтад орж, бэлэн болох эцсийн хугацааг хэлээгүй. Аль болох түргэн шуурхай оруулна гэж байгаа. Газраа чөлөөлсөн айлуудын түрээсийн мөнгийг өгч байгаа учраас нэлээд зардал болж байгаа гэдгээ хэлсэн. Тиймээс аль болох түргэн ашиглалтад оруулна гэх тайлбарыг хэлж байгаа. 

Б.Сансар
olloo.mn