-“ЭС ЖИ БИ ЮУ” ХХК, Л.Пүрэвбаатар, Э.Бат-Үүл нарын дунд эрх ашиг нуугдаж байна” гэв-
тоймч Л.Баатархүү
Өнгөрсөн оны сүүлээр Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн төв вокзалын баруун талд байрлах “1000 автомашины зогсоол”-д худалдаа эрхлэгч иргэдийг тус нийгэмлэгээс хүчээр албадан хөөх, эд материалд нь халдах, гэрээний заалт зөрчиж хүч хэрэглэсэн гэх мэт маргаан гарч эхэлсэн. Тодруулбал, тэд түрээслэгч “Даяар хас” ХХК-тай 2008 оны зургаадугаар сарын 3-ны өдөр байгуулсан №ТЛ/08/001, 2014 оны аравдугаар сарын 6-ны өдрийн №ТГ/14/093 тоот хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнүүдийг зөрчсөн байдаг.
Гэхдээ “1000 автомашины зоогсоол”-ын уг талбай Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эзэмшил, мэдлийн газар гэдгийг батлагдахгүй байгааг эх сурвалжууд онцолж буй. Хэрэв энэ нийгэмлэгийн эзэмшлийн газар байсан бол нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өнгөрсөн 2012 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн А/455 захирамж гарч “ЭС ЖИ БИ ЮУ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхгүй байв. Харамсалтай нь “ЭС ЖИ БИ ЮУ” ХХК өнөөдрийг хүртэл гурван жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас газар эзэмших, өмчлөх, ашиглах хууль, журмын дагуу хоёр жил ашиглаагүй бол эзэмшил нь цуцлагдах үндэслэл болно. Тэгэхээр “1000 автомашины зоогсоол”-ын энэ талбай өнөөдөр хариуцах тодорхой эзэнгүй байна гэсэн үг.
Авто машины худалдаа эрхлэгчдийн зүгээс “Бид өнгөрсөн гэрээт хугацаанд түрээсийн болон бусад төлбөр, тооцоогоо цаг тухайд нь хариуцлагатайгаар Улаанбаатар төмөр зам нийгэмллэгт төлж ирсэн. Гэтэл бидний гэрээ байгуулж, түрээс төлөөд байгаа уг талбай тус нийгэмлэгийн эзэмшлийнх биш болж таарлаа. Бүтэн долоон жилийн турш талбай түрээслэх эрхтэй этгээд мэтээр биднээс хууль бусаар орлого олж байсан байна” гэсэн юм.
Дээрх маргаантай холбогдуулан Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатараар дараах хариултыг авлаа.
-Таныг “1000 машины зогсоол”-ыг хувьдаа ашиглах гэж байгаа талаарх мээдэлэл дуулдах юм. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын төв вокзалын баруун талд байрлах энэ зогсоолын түрээслэгчдийг танай байгууллагаас ялангуяа таны тушаалаар хөөж, хашааг нь нурааж буй гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
-Би тэднийг хөөгөөгүй. Уг нь шинэ вокзал барих гэж тэднийг нүүлгэх гэсэн нь тэр. Ирэх хавраас барих санаатай. Үүнтэй холбоотой Нийслэлийн н.Болормаа дарга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Бат-Энх, Хотын ерөнхий архитектур Н.Нацагдорж нарын байршил заасан шийдвэр ч байгаа.
-Та сая хөөгөөгүй гэж ярилаа. Өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сарын 26-27 руу шилжих шөнө таны тушаалаар Барилга орон сууцны албаны дарга н.Отгон гэж хүн дээрх “1000 машины зогсоол”-ын хашааны зарим хэсгээс буулгуулсан /түрээслэгчид өөрийн хөрөнгөөр барьсан/, үүнээс болж тэдний машины эд ангиуд алдагдсан нь баримтаар нотлогдсон байгаа?
-Миний гаргасан тушаал хаана байна вэ. Би тушаалаараа хөөх ч эрхтэй. Хөөх ч болно. Яагаад гэвэл би шинэ вокзалаа барина. Нөгөөтэйгүүр манай зорчигчид автомашинаа тэр зогсоол дээр тавих ёстой. Вокзалын талбай руу зорчигчид ачаагаа оруулах гэтэл тэр хашаа саад болоод байсан юм. Тэгэхээр нь би буулга гэсэн. Өөрөөр хэлбэл, хашаа буулгасан тэр хаалгаар онгоцны буудал шиг тэргэнцрээр ачаагаа түрээд зогсоол дээрх машиндаа хүрэх учиртай. Ер нь энэ түрээслэгчид өөрсдөө хууль зөрчиж буй хүмүүс.
-Уг “1000 машины зогсоол”-ыг ажиллуулж байгаа “Даяар хас” компани өнгөрсөн 2008 онд одоогийн зогсоолын хэсэг хогондоо дарагдчихсан байхад өөрийн хөрөнгөөр цэвэрлэсэн гэх юм. Таны өмнө ажиллаж байсан орос даргаас тус компани зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа хэмээх тайлбарыг бидэнд өгсөн.
-Тэд хийгээгүй. н.Баттулга гэдэг хүн цэвэрлэж, хашааг нь барьсан юм. Тэр хүн 30 машин хогийг гаргасан. Манай зүгээс мөнгө, төгрөгийг нь төлчихсөн.
-Төмөр замаас хоёр тийш 100, 100 метр газар танай байгууллагын эзэмшилд байдаг гэх. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал нь төмөр зам дагуу өчнөөн барилга байгууламж баригдчихсан дүр зурагтай байна. Өргөн нь 100 метртэй төмөр зам дагуух энэ талбайд өнөөдөр хэчнээн аж ахуй нэгжийн байгууламж байгаа вэ. Тэднийг ч бас та хөөх үү?
-119 аж ахуй нэгжийн барилга, байгууламж байгаа. Тэднийг хөөхгүй. Төмөр замын зурвас газрыг аятайхан тохьжуулаад, хэл амгүй үйл ажиллагаа явуулаад байвал хөөхгүй.
-Таныг эдгээр 119 аж ахуй нэгж, хувь хүмүүсээс тодорхой хувь авдаг гэх бас нэг мэдээлэл байна?
-Тэр аж ахуй нэгж, хувь хүмүүс нь Улаанбаатар төмөр замд манай газрыг ашигласаныхаа төлөө төлбөр, хураамж төлвөл хэрэгтэй л байна. Түүнээс биш надад хэрэггүй.
-Та дээр шинэ вокзал барина гэж хэллээ. Үүний хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн юм уу?
-Одоохондоо тодорхой болоогүй байна. Хөрөнгийн баталгааг нийслэл, манайх хоёр гаргана. Доороо 1000 машины зогсоолтой, дээр нь зочид буудал зэрэг үйлчилгээний газрууд барина. Үүнд хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд оролцож болно.
Л.Пүрэвбаатар дарга тайлбар авснаас нэг хоногийн дараа “1000 машины зогсоолын түрээслэгчид одоо биш Цагаан сарын дараанаас нүүж болно. Нүүхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудал тулгарвал манай зүгээс гаргахад бэлэн байна” гэж утсаар мэдэгдсэн юм.
Тэрбээр ийн тайлбар өглөө. Энд бас нэг асуудал гарч ирж буй нь Л.Пүрэвбаатар дарга авто машины худалдаа эрхлэгчдийг хөөж оронд нь төсөв нь шийдэгдээгүй ч шинэ вокзал буюу доороо 1000 машины зогсоолтой, дээрээ зочид буудалтай байгууламж барих аж. Нөгөөтэйгүүр “ЭС ЖИ БИ ЮУ” ХХК Л.Пүрэвбаатар дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын дунд холбоо сүлбээ, ямар нэгэн эрх ашиг явж байгаа нь тодорхой гэдгийг түрээслэгчдийн зүгээс онцолж байсан.
Энэхүү 1000 машины зогсоол буюу 1000 метр квадрат талбайд зориулалтын вокзал биш зочид буудал барих нь Л.Пүрэвбаатар даргын ярианаас илт боллоо. Тэгвэл чичирхийлэлтэй орчинд хүмүүсийн амарч, тухлах зочид буудал барина гэдэг нь өөрөө эргэлзээ, асуудал дагуулж эхлэв.