сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ны өдрийн тушаалын хавсралт болох Жолоочын бүртгэлийн зөрчлийн оноо тооцох журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Жолооч эрхээ хасуулсан, 10 оноо нь дууссан тохиолдолд зохих журмын дагуу сургалтанд хамрагдана. Улмаар шалгалтанд тэнцсэн тохиолдолд уг 10 оноогоо буцаан авч болох юм.
- Зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.
- Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжыг зөрчснөөс болж зам тээврийн осол гаргасан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна.
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос 2 оноо хасна.
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээтэд жолоо шилжүүлсэн /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ жолоочоос 1 оноо хасна.
- Согтууруулах ундаа, сэтгэгцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолоочоос 2 оноо
- Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос 2 оноо
- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй, дугаараа нуун дарагдуулж замын хөдөлгөөнд оролцсон жолоочоос 2 оноо хасна.
- Тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй чиргүүлтэй үед чиргүүлийн хүрд нь эвдэрсэн харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 2 оноо хасна.
- Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочоос 2 оноо,
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, малгай хэрэглээгүй жолоочоос 1 оноо,
- Мөн зорчигчид хамгаалах бүс хэрэглүүлээгүй бол 1 оноо хасна.
- Гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчвөл 1 оноо,
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурднаас 50 хүртэлх хувиар хэтрүүлсэн тохиолдолд 2 оноо,
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газар гүйцэж түрүүлвэл 2 оноо,
- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочоос 2 оноо,
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчвөл 2 оноо хасна.
- Тууш замын журам зөрчвөл 1 оноо,
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчвөл мөн 1 оноо хасна.
Жолооч нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог нь нөхөж олгох юм. Харин хоёр жил ямар нэгэн зөрчил гаргахгүй бол 10 оноог нь шууд сэргээх аж. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан, Захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн жолоочийн хасагдсан оноог нөхөн олгохоор журамд тусгажээ. Мөн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдсон торгуулийг заасан хугацаанд сайн дураараа төлөөгүй тохиолдолд ямар нэгэн урамшуулалд хамрагдах боломжгүй юм байна.
Жолооч зөрчлийн оноогоо тусгай сайт, гар утсанд зориулагдсан программ, утас, месеж хэлбэрээр жолооны үнэмлэхний дугаараар шалгаж болох аж.