Тоймч Л.Баатархүү
Монголын улс төрд "халуухан" өдрүүд үргэлжилсээр байна. Өнөөдөр Монголын парламент шинэ даргаа нийт гишүүдийн 95.2 хувийн саналаар сонголоо.
Бас нэгэн дүр зураг харагдаж байгаа нь Төв аймгийхний халаа улирч Баянхонгорынхны "баавар" эхэлж байна уу гэлтэй дүр зураг үүсэв. Нөгөөтэйгүүр "нэгдүгээр хүн" буюу Женко Х.Баттулга, Топар У.Хүрэлсүх нарын мөрөөдөл биеллээ олж байна. Одоо тэдний өгүүлбэр болгондоо дайдаг улс орноо өөрчлөх, олигархиудаас эх орноо салгах, улс төрийн бүлэглэлийг тараах амлалтын биелэл нь асуулт болон үлдлээ. Товчхондоо Монгол Улсын нэг, хоёрдугаар удирдагч нь хонгор нутгийнх болж буй нь энэ. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Нямдорж тэргүүтэй "луухгар”-уудыг алгасаж Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэрийг нь дэмжсэнд мань хүн нүдэндээ нулимстай гарч ирсэн. Сэтгүүлчид түүнээс “Таны нүд нулимстай байна уу даа” гэхэд “Миний нүд заримдаа ингээд байдаг юм” хэмээн товчхон хариулт өгч байна билээ.
Мэдлэг, боловсрол, чадвар, улс төр, төрд ажилласан туршлагын хувьд нэг их дутаж, гологдоод байхгүй гэмээр хүн. Англи, орос хэлтэй, Орост хоёр ч их сургууль дүүргэсэн бүр Стенфордын их сургуульд судлаач хүртэл хийж явсан бас ч гэж академик талын залуу. Түүнчлэн бусдын даалгавар байлаа ч гэлээ улс орныхоо эрх ашгийн төлөө хэд хэдэн эгзэгтэй зүйлд зоригтой хөдөлсөн болохоор ард түмэн ч түүнд ам сайтай байгаа.
Г.Занданшатарын хувьд банк санхүү, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн учраас аливаад арай шинжлэх ухаанч хандах болов уу гэсэн горьдлого олон нийтэд бий. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны найз, улс төрд ойрын итгэл даах хүн нь.
Түүний товч намтраас хүргье:
- 1969 онд Баянхонгор аймагт төрсөн.
Боловсрол:
- 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
- 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
Ажилласан байдал:
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
- 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
- 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
- 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга