Нийтлэлч Хашчулуун /www.ikhmongol.mn/
Багш нарын ажил хаяна гэж гомдоллоод байгаа нь нэг талаараа зөв. Эмч нарыг ч энд орхих хэрэггүй. Энэ хоёр мэргэжлийн хүмүүсийг нэг үгээр тодорхойлъё гэвэл тэд буянтнууд юм. Хүний хүүхдийг хүн болгохын төлөө багш нар цаг наргүй хөдөлмөрлөдөг бол хүний амь насыг аврах, ачлахын төлөө эмч, сувилагч нар өдөр шөнөгүй зүтгэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд хамгийн үнэ, хүндтэй гурван мэргэжил байдаг юм. Тэр нь багш, эмч, цагдаа. Монголд эсрэгээрээ энэ гурван мэргэжлийн хүмүүсийг зүхдэг, бүр төрөөс нь цалин хөлс хасах танах болохоороо эдгээр мэргэжлүүд рүү эхлээд дайрдаг. Одоо сургууль, цэцэрлэгийн улирал эхэлж байна. Хүн бүрийн амнаас хүүхдийн сургууль, цэцэрлэг гэсэн үгс гарч байна.
Зунжингаа хорхог боодгон дунд биеэ гамгүй эдэлсэн монголчууд эмчийн үүдэнд дугаарлаж эхэллээ. Хүүхдийн чинь сургуулийн өмнөх зам дээр цагдаа зогсож байвал жаахан санаа амардгаа монгол хүн та өөрөө анзаардаг уу. Цэцэрлэгийнх нь хажуугийн замын хөдөлгөөнийг зохицуулж зогсоо замын цагдаа нүдэнд дулаахан харагддагийг мэдэрдэг үү, мэдрэхийг хүсдэггүй юу. Энэ бүгдтэй монголчууд минь одоо эвлэр. Олны дунд цөөн хэсэг нь саар байдаг нь хорвоогийн жам. Тэр бүгдийг бусдад нь битгий нялзаа. Ер нь бол нялуурч байгаа юм биш эмч, багш, цагдаа гурвыг хүндэтгэж амьдаръя. Амьдрах гэдэг тийм сайхан зүйл биш. Хэзээ нэг өдөр хэцүү хатууг үзүүлдэг хорвоо. Тэр үед та эмчид л очно. Хүн үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг. Тэднийг чинь сайн сайхан амьдралын замд хөтөлдөг ганц хүн нь багш нар. Ардчилсан нийгэм ард түмэндээ ганцхан л баталгаа өгдөг. Тэр нь аюулгүй орчинд ажиллаж амьдруулах. Түүний баталгаа нь хууль сахиулагчид. Ийм л юм.
Өнөөдрөөс эхлэн багш нар цалин хөлсөө нэмэгдүүлж, нийгмийн баталгаагаа шаардан жагсах тухай мэдээлэл хүчтэй цацагдаж эхэллээ. Эмч нар ч жагсах хэрэгтэй. Энэ хэдэн эмч, багш нар чинь ингэж л тэмцэхгүй бол үнэндээ тартагтаа туллаа шүү дээ. Салбарынх нь хоёр яамны байж байгаа царайг хар. Монголын Засгийн газрын бүтэц дэх хамгийн шоовдорлогдсон, сүүлд хаягддаг яамдууд.
Үнэнийг хэлэхэд багш, эмч нар бол өнөөдрийн монголын нийгмийн хамгийн ядуу хүмүүс. Тэгсэн хэрнээ ямар ч завгүй хүмүүс. Амьдралынхаа ихэнх цагийг тэд дөрвөлжин байшин дотроо, цайных нь газраас хуушуур, бууз зээлж идэн хөдөлмөрлөж өнгөрөөдөг. Эд нар маань зөвхөн өөрсдийгөө золиосолж байгаа хүмүүс бас биш нь харамсалтай. Өөрсөд дээрээ ар гэр, үр хүүхдээ давхар золиослодог. Хамгийн сурлага тааруу, хувцас хунартаа анхаарах боломжгүй хүүхдүүд багш, эмч нарын үрс байх нь элбэг. Энэ бол амьдралын үнэн шүү. Яагаад гэвэл таван завгүй байдаг багш, эмч ээж аавууд маань өглөөнөөс шөнө хүртэл бусдын хүүхдийн төлөө, бусдын эрүүл мэндийн төлөө зүтгэдэг учраас тэр. Харин ар гэрт нь хүүхдүүд нь дүү нараа хараад, хоолыг нь бэлдэж, хувцсыг нь угааж аав ээжээ орлон байдаг. Тэднийг хичээлээ хий гэж хэлэх хүн байдаггүй, хэн ч тэднийг анхаардаггүй. Ингээд л байж байдаг тэднийг эмч, багш ээж аавынхаа золиос болсон үрс гэхгүй өөр юу гэх юм. Үнэхээр харамсалтай.
Ийм л орчин нөхцөлд, ажил дээрээ амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрөөж, ухамсарт амьдралаа зориулж байгаа багш, эмч нарт зарим нэг эцэг эх баярласан сэтгэлээ илэрхийлэн ганц шоколад өгөх, эмч нарт ганц халуун савтай цай дөхүүлэх, өндөр настай ээжийнх нь хагалгааг амжилттай болгох гэж бүтэн дөрвөн цаг халуун цус үнэрлэн чилийтэл зогсож, хүн мэс хоёрыг эвцэлдүүлэн амийг нь аварсны төлөө “Та таксидаад харьчихаарай, замдаа сүү аваад ороорой” гээд таван төгрөг сэтгэлээсээ өгөх нь тэгээд авлига юм уу. Иймхэн юмны төлөө тэднийг авлига авлаа, муусайн авлигачид гэж орилоод байх шаардлагагүй.
Ингэж байгаа хүмүүст битгий донгос гэж хэлмээр байна. Эмч, багш гэж хоёр хүн байхгүй бол хүний нийгэм яаж урагшлах юм. Эдгээр хүмүүс байхгүй бол энэ хорвоо ирж яваа цаг хугацаанд юу болж хувирах вэ. Энэ талаас нь хармаар байна, тэднийг ойлгож тусламаар байна, хүмүүсээ. Янз бүрийн авлигын судалгаа хийж хамгийн эхэнд нь эмч, багш нарыг оруулдагаа больчихмоор байна. Тийм судалгааг шууд урж хаях хэрэгтэй.
Багш, эмч нарын тоог маш олноор нэмэх хэрэгтэй байна. Бүгдийг нь ээлжтэй болгоё, цалинг нь маш өндөр болгоё, ажиллах орчныг нь онцгой сайжруулъя, эмч нарт лиценз олгох гэж махыг нь зулгаадагаа болъё. Эрх биш номын дууг нь арваад жил сонсож, цаашид энэ мэргэжлээрээ эргэлт буцалтгүй ажиллая гэж шийдсэн хүмүүс эмчийн ажилдаа үнэнч үлддэг гэж ойлгодог. Чадахгүйнүүд нь тэгсгээд өөр зам хайдаг юм билээ. Дээр нь тэд чинь тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Тангараг өргөсөн эмч хүн хүний амь насаар тоглохгүй нь тодорхой байлгүй. Мөн багш нарт “Зөвлөх багш” энэ тэр гэхчилэн бас л лицензийн хэлбэртэй олон янзын эрх олгодог асуудлууд бас байна. Тэдэнд ажлынх нь үр дүнгээр шууд л олго. Олгодог сайн стандарт хуулийн хүрээнд тогтоож өг. Ямарч багш хүн хүүхдүүдэд “Та нар бол Монголын ирээдүй шүү” гэсэн үзэл санааг оюун санаанд нь ягштал суулгаж өгдөг. Энэ бол гайхамшигтай үнэ цэнтэй зүйл. Зөвхөн үүнийх нь төлөө монголын мянга мянган сурган хүмүүжүүлэгч багш нартаа монголчууд мэхийн талархах ёстой, монголын төр гүн хүндэтгэлтэй хандах ёстой. Ингэхэд л болно.
Стандарт гэснээс эмч, багш нарын алинд ч байсан тэдний хувь хүнийх нь зан араншин, төлөвшил, ёс суртахуунд найдах бус хуулиар зааж өгсөн сайн стандартыг л тэдний ажлын байранд бий болгочих хэрэгтэй. Тэр стандартын дагуу тэд ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Өндөр хөгжилтэй, ардчилсан улс орнууд ямар байдаг гэхээр нийгмийн бүх салбартаа, бүх шатандаа хамгийн сайн стандартыг тогтоож чадсан стандарт улс орнуудад байдаг. Ягштал мөрдөж буй стандартын дагуу л эмч, багш нарт тэр лицензүүдийг нь саадгүй олгож, нийгмийн баталгааг нь хангаж, цалин хөлс, нэмэгдэл ... өөр юу байдаг юм, бүгдийг нь стандартын дагуу хийгээд явахад эмч, багш нарын маань нийгмийн баталгаа бүрэн хангагдана.
Эмч хүн цаг үргэлж сэтгэл санаа нь түгшүүртэй, дарамттай явдаг. Ийм нөхцөлд 32 жил ажилласан эмч өнөөдөр 540 000 төгрөгийн цалин авч байгаа нь эмгэнэл юм. Хүний амьдралын ээдрээтэй цаг мөчид зөв бурууг дэнсэлдэг шүүх, прокурорын цалин хэдэн сая болчихоод байхад хүний үхэл амьдралын зааг дээр ажилладаг эмч нарын цалин 500 мянга байх нь шударга ёсонд нийцэх үү. Хүний амьдралын утга учир болсон үр хүүхдийнх нь ирээдүйг гэрэлтүүлж өгдөг багш нарын цалин 500 мянга хүрэхгүй, үгүйтэй байх нь зөв үү. Энэ үгийг Монголын төр засагт зориулан чангаар хэлж байна. Багш нар маань ажил хаях юм байна. Дэмжиж байна. Та нарын цалинг нэмэх нь зөв өө, зөв. Өнөөдрийн төр засгийн хамгийн зөв шийдвэр энэ болно.