Сэтгүүлч Л.Баатархүү
Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд хэлэлцэж өчигдөр орой шийдвэр гаргалаа. Тодруулбал, Г.Шийлэгдамбыг “...Бусдаас хээл хахууль авах” гэсэн зүйл ангиар буюу Эрүүгийн 268.2 дахь заалтыг үндэслэж хуулийн бусад холбогдох зүйлээр нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5,1 жилийн хорих ял оноожээ. Мөн хэрэгт холбогдоод буй Г.Ганчимэгт /Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/ төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хасаж 19 сая 200.000 төгрөгөөр торгох ял, Г.Шийлэгдамбад хахууль өгсөн О.Даваасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг нь нэг жилээс хасаж 1,6 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн “Метро нетворк” ХХК-ийн захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгох ял оноожээ.
Хэргийг дахин сануулбал өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Г.Шийлэгдамбын ажлын өрөөний сэйфнээс 500 сая төгрөгийг АТГ-аас хураасан тухай мэдээлэл бий. Уг мөнгийг түүний танил гэх О.Даваасүрэн авлига хэлбэрээр өгсөж гэж байгаа. Гэвч энэхүү мөнгийг Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга учраас намдаа хандив болгох зорилгоор авсан талаарх мэдээлэл мөн байдаг. Өөрөөр хэлбэл, намын дарга Н.Энхбаярын шаардлага, даалгавраар авсан тухай мэдэгдлийг тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч онцолж байв. Үүнээс гадна тэрбээр “Цахим эрүүл мэнд” төслийн суурь бааз бүрдүүлэхдээ шинээр байгуулагдсан “Метро нетворк” ХХК-ийг тендерт шалгаруулж хахууль авсан талаар АТГ-аас буруутгасан.
Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг төрийн ажлын эрх мэдлээ давуулж бусдаас их хэмжээний мөнгө авсан тухай мэдээллийг АТГ-аас өгч байлаа.