2017 оны 03 сарын 30
Эрхэм Төлөөлөгчид өө,
Нийслэлийн Засаг даргаа,
Эрхэм хүндэт иргэдээ,
Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах, НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит Наймдугаар хуралдаанд оруулж байна.
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал төрийн байгууллагуудын анхааралд байж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.
Монгол Улсын Засгийн газрын 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ хөтөлбөрийн цөм нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал байгаа. 2021 он хүртэл 2 үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрт 59 ажил, арга хэмжээ тусгагдаж, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглон, агаар бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувь, тоосонцор хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувиар бууруулах зорилт дэвшүүллээ. Үндэсний хөтөлбөрт нийцүүлэн Нийслэлийн дэд хөтөлбөр боловсруулж, “Утаагүй хот 2030” төслийн хамт НИТХ-ын ирэх 4 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. НИТХ-ын долоо дугаар хуралдаанаар баталсан Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг өнөөдөр шүүн тунгааж дүгнэлт өгөх нь нэг талаас зохион байгуулалтын ажлыг тасралтгүй бөгөөд цогц байдлаар үр нөлөө сайтай өрнүүлэх, нөгөө талаас ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэхэд ач тустай болно гэж үзэж байна.
НИТХ-ын үйл ажиллагаанд зөвхөн хуралдааны дэгийг мөрдөж ирсэн нь хурлын олон талт чиг үүргийг зохицуулахад учир дутагдалтай байна гэж Хурлын Тэргүүлэгчид үзсэн юм. Ийм учраас НИТХ, түүний бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх 7 дүрэм, журмыг багцлан боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж байгаа болно. Санал болгож буй 7 дүрэм, журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулсан юм. Өөрөөр хэлбэл эдгээр дүрэм, журмыг батлан мөрдүүлэх нь хууль зөрчихгүй байх болно.
НИТХ-ын дүрэм, бусад журмыг боловсруулахад Нутгийн удирдлагын холбоо, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага мэргэжлийн туслалцаа үзүүлснийг, мөн нутгийн удирдлагын бусад байгууллагуудын эрх зүйн баримт бичгүүдийг судлан үзэж туршлага болгон ашигласныг дурдъя. Энэ асуудалтай холбогдуулан өөрийн байр суурийг тухайн асуудлыг хэлэлцэх үед жич илэрхийлэх болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7 дахь заалтын дагуу төлөөлөгчдийн ирц бүрдсэн тул НИТХ-ын наймдугаар хуралдааны ажиллагаа нээснийг мэдэгдье.