богино мэдээ New

Эрх хүү М.Энхболдын “өндөр” боловсрол

Ардын намын сурталчид нэр дэвшигчээ сайн мэдэхгүй болохоороо эсвэл бусдыг өөрсөд шиг нь юм мэддэггүй гэж боддог болохоороо ийн муйхарласан байх. .

2017 оны 6 сарын 21

Ардын намын суртал нэвтрүүлэгт итгэвээс улс орныг хөгжүүлэхэд өндөр боловсролтой удирдагч хэрэгтэй байдаг ба тэр өндөр боловсролтой хүн нь М.Энхболдоос өөр хэн ч биш ажээ.

Ардын намын сурталчид нэр дэвшигчээ сайн мэдэхгүй болохоороо эсвэл бусдыг өөрсөд шиг нь юм мэддэггүй гэж боддог болохоороо ийн муйхарласан байх.  Яг үнэнийг мэдэх хүмүүст М.Энхболдыг “боловсролтой” гэж хэлбэл элэг нь хөшнө. 1982 онд хамт ЕБС сургууль төгссөн, МУИС-д хамт суралцсан хүмүүс нь олноороо амьд сэрүүн байна. Жаахан баримжаатай магтмаар байгаа юм.

М.Энхболд багш, эмч аав, ээжтэй. Аав нь чамлахааргүй боловсролтой, хуучнаар бол дэд эрдэмтэн, одоогийнхоор бол дэд доктор хүн байсан нь үнэн. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн цолыг ЗХУ-д хамгаалаад ирсэн хүн бол уг нь төрийн маш өндөр албан тушаал хаших өргөн боломжтой байсан ч насаараа багшилсан нь их учиртай. Гэхдээ би энэ талаар дурсахгүй. Зөвхөн Миегомбын ганц хүү Энхболд өндөр боловсролтой нь үнэн эсэх талаар бичье. Үнэн ганц л байх ёстой.

М.Энхболд аавынхаа нэр нөөлгөөр Нэгдүгээр ЕБС-д элсэн орж суралцсан юм. Багаасаа эрхэлчихсон, гурван охинтой айлын ганц хүү болохоор хичээл хийх дургүй, залхуу нэгэн байсан. Аав нь аргаа бараад, “энийг яах вэ” гээд үглээд явдагсан. Аравдугаар анги төгсөх хүртлээ бол цэвэр хуулан бичлэг хийж байж төгссөн. Түүнд хуулуулдаг гол эх сурвалжууд нь хожим гэргий нь болсон Ж.Туяацэцэг, Хүнс хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга асан Хадбаатарын Золжаргал нар юм. Энэ талаар 2015 оны 3 дугаар сарын 29-ний Өдрийн сонинд сурвалжлагч Э.Энхболдод өгсөн ярилцлагадаа Х.Золжаргал ингэж дурсчээ. Х.Золжаргал: “2008 оны УИХ-ын сонгуулиар Төв аймагт М.Энхболд бид хоёр өрсөлдөхөөр болчихдог юм. Би штабынхандаа Энхболд багадаа надаас тоогоо хуулдаг хүүхэд байж билээ гээд ярьчихсан чинь “Өө, наадахыг чинь сурталчилгаанд ашиглаад багаасаа “маанаг байсан” гээд унагачихъя гэсэн санал гарсан. Ёстой амаргүй салаа замын заагт тэгэхэд л ирсэн. Өөрөө гаръя гэхээр заавал Энхболдыгоо балбах болчихоод…Найз нөхдийн харьцаа гэдэг бол нэгэн насны харьцаа. Сонгууль гэдэг бол сурталчилгааны 30-хан хоногоор хэмжигддэг тул нэг насныхаа найзын үерхлийг нэг сарын сонгуулиар хэмжээд яахав гэдэг сонголтод хүрсэн” хэмээн дурссан байдаг. Үнэндээ ангийнхан нь М.Энхболдыг “маанаг Монтооноо” гэж дууддаг, ичимхий, бүрэг, сурлага муутай хүүхэд байсан юм.

1982 оны хавар М.Энхболд хэдий сурлага муутай ч аав болон П.Жасрай асны дэмжлэгээр ЗХУ- д сурахаар явжээ. Тэр ээжийнхээ талаар намтартаа дурсдаггүй шигээ орост сурахаар яваад хөөгдөж ирснээ дурсддаггүй юм. Хамт сурч байсан хүмүүс харин дурсаж байна.

Ц.Батсайхан: Бид 2 уул нь цуг 1982 онд хамт хуучнаар ЗХУ д сургуульд явсан юм. Тэр тухай нэг үг ч алга. ЯАСАН БАЙХ НЬ УУ.

О.Амартүвшин: М.Энхболд 1982 онд Москвагийн Их Сургуульд сурахаар яваад хэд хэдэн шалгалтандаа унаад, дүнгээ засаад тэр нь баригдаад 1983 онд хөөгдөж ирсэн.

М.Энхболд Ж.Туяацэцэг болон бусад хүүхдүүдтэй орост авахуулсан зурган доороо “найз бүсгүйгээ эргэж очих үед авахуулсан зураг” ухааны юм бичдэг. Эхнэр нь Москвагийн Хүнсний технологийн дээд сургуульд хүнсний машины инженер мэргэжлээр суралцсан юм. Үнэн гэвэл М.Энхболд олигтойхон орос хэл ч сураагүй, шалгалтуудаа бүгдийг муу өгсөн учраас жил болоод хөөгдөж ирсэн юм.

Эргэлзэх хүн байвал  албан ёсны намтрыг нь ахин нэг харахыг зөвлөе. 1987 онд МУИС-ийг төгссөн гэсэн байгаа. Тэр үед монголын дээд сургуулиуд анагаахаас бусад нь 4 жилээр сургадаг байсан. Хэрвээ зөвлөлт рүү яваад хөөгдөлгүй анхнаас нь МУИС-д сурсан бол М.Энхболд 1985-1986 оны хичээлийн жилд сургуулиа төгссөн байх ёстой.

Их сургуульд сурах ч гэж бас хөглөсөн дөө. Мөнгө авч даалгавар, хичээлийг нь хийж өгдөг хөдөөний залуус байсан.  Тэднээс “түүх” ярих хүмүүс өчнөөнөөр амьд байхад МАН-ынхан даргыгаа жигтэйхэн “өндөр боловсролтой” гэж зулгуйдах хэрэггүй шүү. Гэрчүүдийг устгаж чадахгүйгээс хойш.

За, тэгээд өнөөх “өндөр” боловсролтныхоо цаашдын боловсролыг уудлая. 

1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэчихжээ. Японд мэргэжил дээшлүүлэх гээд очихдоо Анар хүүгээрээ анкетаа бөглүүлж байлаа. Анкетыг япон эсвэл англиар бөглөх ёстой байсан. Мань эр аль алинаар нь “а” ч үгүй  тул тэнд сурч байсан хүү нь бөглөж өгсөн түүхтэй юм.

Тэр Германд сурсан гэдэг нь Хотын захиргааныхан тийшээ танилцах аялалаар явсныг хэлж байгаа юм. Герман байтугай оросоор а-гүй хүн мэргэжил дээшлүүлчихдэг, тийм ид шидийн юм байхгүй ээ. Герман бол монголын боловсролыг хүлээн зөвшөөрдөггүй улсын нэг. Дээд сургуулийн гуравдугаар курсын оюутныг германы ЕБС төгссөнтэй ижилсгэн  гэж тооцох журамтай байсан юмдаг.

За нэг иймэрхүү л “өндөр” боловсролтой хүн дээ. МАН-ын сурталчид нэр дэвшигчээ бусдаас нь ялгаруулж, давуу талтай хүн болгож харагдуулах гэхдээ мунгиначихлаа. Дарга чинь оросоор таван өгүүлбэр бичиж чадахгүй. Англиар бол бүр таг. Өрсөлдөгчид нь бол англиар хазгай муруй ч шулганаад байдаг юм.

М.Энхболд эдийн засгийн энгийн томъёо ч мухарлахгүй хүн. С.Баярцогтынх шиг олон хувьсагчтай эдийн засгийн бодлого бариулчихбал тархи нь задарч мэдэх тийм л боловсролтой хүн дээ. Эргэлзэж байвал даргыгаа шалгаад үзээрэй.

Харин хаа очиж хятадаар ойр зуурын юм ярьчихдаг юм билээ. Хятад хэл бол сурахад амаргүй л хэлний нэг. Тэгэхээр энэ нь бол яалт ч үгүй давуу тал л даа. МАН-ын сурталчид үүнийг нь харин сайн дурдаад, дөвийлгөөд өгөх хэрэгтэй юм байгаа юм. Манай намуудын боловсон хүчин дотор өндөр алба хашиж байсан хятад хэл гадарлах хүн өөр байгаагүй байх шүү, Д.Зоригт, М.Батчимэг хоёрыг эс тооцвол.

Эцэст нь боловсролын тухай хэдэн үг хэлье. Боловсрол гэдэг бол диплом биш. Олж авсан мэдээллээ боловсруулах, амьдрал ахуйдаа өгөөжтэйгээр ашиглах чадвар юм. Билл Гейтс, Стив Жобс гээд манай үеийн суутнууд дээд сургууль төгсөөгүй. Гэтэл германд хоёр ч докторын зэрэг хамгаалсан гэх хүн “Чингисийн үед төр, хууль гэж юм байгаагүй” гээд л чалчиж яваа. Их Засаг гэж дэлхий дээр анхны бичмэл хуулийг Их Монгол улс батлаж, хэрэгжүүлж байсан түүхтэй юм шүү.  Их Монгол улсад Төр байгаагүй юм бол ертөнцийн талыг эзлэсэн тэр агуу их цэргийг хэн удирдаж, эзлэсэн нутаг дэвсгэрээс хураах тэр их алба гувчуурыг, тэр олон үндэстэн, улсыг нэгэн дээвэр дор захирах журмыг хэн гаргаж, хэн сахиулж байсан болж таарах билээ. 

 

МАН-ын сурталчид даргыгаа дөвийлгөхийн тулд АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн боловсролыг тоочсон байна билээ. Тэгсэн мөртлөө боловсролгүй ч агуу Ерөнхийлөгчдийг нь огт дурдаагүй байгаа юм. А.Линкольн гэж америкийн хамгийн агуу Ерөнхийлөгч ядуугийн улмаас дээд сургуульд огт сураагүй хүн байсан. Гэвч тэр өмгөөлөгчийн шалгалтыг дээд сургууль төгссөн хүмүүсээс илүү өгч байжээ. Рональд Рейган гэж орчин цагийн агуу удирдагч байлаа. Рейган Иллинойзын Юрика гэх коммунити коллежд суралцсан юм. Энэ нь дүйцүүлэхийн бол техникум буюу дунд боловсролын сургууль юм. Сайн ч сурдаггүй байсан. Хожим - Яах гэж Ерөнхийлөгч болсон бэ? гэсэн оюутнуудын асуултанд “Миний сургуульд сурч байх үеийн дүнг сайтар нууцлах үүргийг ХМТ-ны даргад өгөх гэж Ерөнхийлөгч болсон юм” хэмээн хошигнож байжээ. Гэвч тэр бол агуу улс төрч байсан. Түүний бодлого, үйл ажиллагааны улмаас коммунизм нуран унаж, СССР хэмээх аварга гүрэн газрын зурагнаас арчигдсан билээ.

 

Японы нэрт улс төрч Танака Какүэ дээд сургуулийн дипломгүй хүн байв. Тэрээр 1949-1990 оны хооронд Японы Төлөөлөгчийн танхимын гишүүнээр сонгогдсон. Японы 64, 65 дахь Ерөнхий сайд мөн Сангийн сайдаар олон жил ажилласан хүн. Японы дэд бүтцийн хөгжлийн Загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг энэ хүнээс хэн ч диплом нэхэж чаддагүй, шууд л хүлээн зөвшөөрдөг байлаа. Тэрээр “Улс төрч хүнд диплом чухал биш. Харин эх орноо гэх сэтгэл байгаа юу, ард түмнээ хайрлах зүрхтэй юу, ярих бус хийх чадвартай гэдэг нь илүү чухал” гэж хэлдэг байжээ.

 

М.Энхболд японд сурмар аядахдаа энэ хүний тухай олоод үзэж чадаагүй юм гэхэд япон хэлтэй хүүгээрээ яриулаад, цээжлээд авчихгүй. Унхиагүй гэж, угаасаа л тийм байсан л даа.

 

Ц.Хишигсүрэн

М.Энхболдын “өндөр” боловсролыг гэрчлэх нэгэн 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб