богино мэдээ New

Н.Энхтуяа: Бид талхныхаа төлөө л тэмцэж байна

Энэ хүмүүс тэр хол шинэ цогцолбор руу очиход гэр орон, үр хүүхдээ яах юм бэ. Ямар ч гаргалгаа байхгүй байна шүү дээ..
сэтгүүлч Г.Тэгшсүрэн

Авто худалдааны захуудыг нүүлгэх, газар чөлөөлөх тухай НИТХ-ын тэргүүлэгчдийн 29 дугаар тогтоол, хотын дарга Э.Бат-Үүлийн A/980 тоот захирамж гарсныг авто худалдааны бизнес эрхлэгчид эсэргүүцэж байгаа. Иргэдийн зүгээс хотын захирагчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал болов. Энэ үеэр автохудалдааны захуудад бизнес эрхэлдэг иргэд шүүхийн гадна талбайд тайван жагсаал хийхээр цугларчээ. Жагсаалд оролцож буй иргэдээс дараах тодруулгыг авлаа.

Ж. Баярмаа: Тэмцлийн ямар л хэлбэр байна. Тэр бүгдэд шилжинэ

 

/“Да хүрээ” захын автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч/ 

Бид ажлын байраа авч үлдэхийн төлөө л энд зогсож байна. Ажлын байргүй болвол үр хүүхэд минь өлсөнө, амьдрал зогсоно. Баянзүрх дүүргийн техникийн хоёр захад худалдаа эрхэлдэг хүмүүсийн 80 хувь нь Баянзүрх дүүрэгтээ амьдардаг. Энэ хүмүүс тэр хол шинэ цогцолбор руу очиход гэр орон, үр хүүхдээ яах юм бэ. Ямар ч гаргалгаа байхгүй байна шүү дээ. Тэр бүхэндээ санаа зовоод, энэ шийдвэр нь нааштай гараасай билээ гээд л бодоод зогсож байна. Тэрнээс, бид өнөөдөр энд уриа лоозон барьж, төрийн эсрэг турхирах гэж ирсэнгүй. Харин шүүхийн шийдвэр бидний эсрэг гарвал бид тэмцлийн ямар л хэлбэр байна тэр бүгдэд шилжинэ. Алслагдсан, өмхий, хүйтэн тэр газар руу бид яагаад ч нүүхгүй гэдгээ хэлмээр байна.

 

 

Н.Энхтуяа: Бид талхныхаа төлөө л тэмцэж байна

 

/“Өгөөмөр” захын худалдаа эрхлэгч/

Бид нарыг нүүлгэхгүй л бол үнэхээр болохгүй байгаа бол нүүе гээд 9 сард авто цогцолбор руу очиж үзсэн. Үзэх гээд явж байхад “Гурвалжин”-ын гүүр даваад, машины цонх хаалттай байхад л хүн тэсвэрлэхийн аргагүй өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Тийм газар бид нар очиж эрүүл мэндээрээ яагаад хохирох ёстой юм бэ. Нөгөөтэйгүүр бид нарт яах гэж чирэгдэл учруулах гээд байгааг ойлгохгүй байна. Замын түгжрэл арилгана гэх юм. Нийслэлд түгжрэлгүй газар хаана байгаа юм бэ. Зах дээр зогсож байгаа наймаа эрхлэгч цөөхөн ч цаана нь өч төчнөөн хүний амьдрал, айл гэр явж байгаа гэдгийг улс эх орон ойлгох хэрэгтэй. Хэн ч л гэсэн талхныхаа төлөө л явдаг. Тийм болохоор шүүхийн шийдвэр бидний эсрэг гарвал бид тэмцэнэ. Нүүхгүй.

 

Н.Жаргалсайхан: Төр засаг бидний хавчиж шахаж байна

/“Да хүрээ” захын автомашины худалдаа эрхлэгч/

Зах дээр өдөржин зогсож, арай гэж хоолныхоо мөнгийг залгуулж байгаа улс шүү дээ бид чинь. Гэтэл төр засаг байнга бид нарыг дарамталж, хавчих юм. Уг нь бид чинь төр засгаас юу ч гуйлгүй өөрсдийн бор зүрхээр амьдарч яваа хүмүүс. Тэр газарт нь бид очно гэж  байхгүй ээ. Үнэндээ бид нар эсэргүүцэж байна. Автомашины худалдаа эрхэлдэг хүмүүст банкны зээлгүй хүн гэж нэг ч байхгүй. Би л гэхэд 4-5 сая төгрөгийн зээлтэй. Ар гэр нь энд байхад, хүмүүс тэнд очоод юу хийх юм. Шүүхийн хариу бидний эсрэг л гараад байвал бид нар тэмцээд л байна. Юу болж, юунд хүрч дуусдаг юм бүү мэд.