“Сум мэдээллийн сүлжээ” агентлаг www.sum.mn сайтаас энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хугацаанд зохион байгуулсан “Сумын хөгжлийн гарц” сэдэвт /эсээ/ сэдэмжийн уралдааны дүн гарлаа.
Энэхүү уралдааныг 21 аймгийн 330 сумын дунд албан ёсоор зарласан бөгөөд нийт сумын 10 хүрэхгүй хувь буюу 28 сум бүтээл ирүүлж оролцов.
Эдгээрээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бүрэн дунд сургуулийн захирал Д.Ганхуягийн бичсэн боловсролын системийг бүх талын оролцоотой сайжруулах замаар сум орон нутаг, цаашлаад улс орны хөгжлийг түүчээлэх агуулга бүхий “Ухаанаараа хөгжсөн Уулчууд” сэдэмж Тэргүүн байр эзэлж, нэг сая төгрөгийн шагнал хүртэх эрхтэй боллоо.
Мөн шагналт байрт:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын орлогч Ч.Оюунсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан, иргэн Б.Пүрэврэнцэн нарын хамтран бичсэн “Хөгжин цэцэглэж буй Хүдэр сум”
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Дугарсүрэнгийн бичсэн “Бидэнд сумаа хөгжүүлэх төлөвлөгөө байна”
- Булган аймгийн Тэшиг сумын Соёлын төвийн ажилтан Д.Оюун-Эрдэнийн бичсэн “Тэшиг сумын хөгжлийн гарц: 4 ба 2” сэдэмжүүд шалгарч тус бүр 250 мянган төгрөгийн шагнал хүртэж байна.
Шүүгчид уралдааныг дүгнэхдээ ирүүлсэн бүтээлийн техник болон агуулгын шалгуур, олон нийтийн үнэлгээ, бичигчийн бүтээлч хандлага, ашигласан тоо баримтын бодит байдал, тухайн сэдвийн амьдралд хэрэгжих боломж зэргийг харгалзан зохих оноо өгсөн.
Уралдаанд байр эзэлсэн болон идэвхтэй оролцсон сумдын удирдлага, нийт иргэдэд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт тань амжилтын дээдийг ерөөе.
Жич: Улсын хэмжээнд зарласан уралдаанд ердөө найман аймгийн 28 сум оролцсон учраас “Аймаг тус бүрээс хоёр сум шагналт байрт шалгаруулах” болзол биелээгүй.
“Сум мэдээллийн сүлжээ” редакц дараа дараагийн сонирхолтой, үр өгөөжтэй уралдааныг тогтмол зарлах болно.
2017.06.20