Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Өнгөрсөн 2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болоод байсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъя Түлэнхийн төвийн барилгын ажил эхэллээ. Улаанбаатар хотын СБД дахь 11-р хороололд байрлах Тус төвийн барилгын санхүүжилтад Кувейтийн Засгийн газраас найман сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Харин энэхүү тусламжийн мөнгө “Эзнээ олохгүй өөр санхүүжилтад шингэх вий” хардалт олны дунд үүсээд байсан. Ямартай ч уг мөнгийг эмнэлгийн барилга барихад бүрэн, үр дүнтэй зарцуулах талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцоллоо. Түүнчлэн уг мөнгөний 6,8 сая ам.долларыг барилгад, 1,2 саяыг нь тоног төхөөрөмжид зарцуулах аж. Ингэснээр өмнө нь хэдэн тэрбумаар өсөөд байсан гэрээний нийт үнийн дүнгээс 3,8 тэрбум төгрөгийг бууруулж хэмнэлт гаргахаар болжээ. Санхүүжилт нэгэнт шийдэгдсэн болохоор барилгын ажил удахгүй эхлэх юм байна.