НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр буюу 2017.04.26-нд хэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү, төлөөлөгч Т.Батцогт, Ё.Цацралтуяа нар оролцож Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг томилогдсоноосоо хойш хийсэн ажлыг хэрхэн дүгнэсэн талаар мэдээлэл хийсэн юм.
1. Мөнгөөр дутаагүй, сэтгэл дутсан нийслэл
Су.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод 9 сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол ажил хийе, нийслэлээ хөгжүүлье гэсэн, хотоо төрөлх гэр орноо гэж боддог хүний хувьд хангалттай хугацаа. Гэтэл Засаг дарга Су.Батболд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 15 тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан нь өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үеэс даруй 2 дахин бага байгаа юм.
Үндсэн чиглэлд батлагдсан, 2017 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөр, 7 дэд хөтөлбөр байгаагаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор батлагдаагүй байна. Ажилдаа санаачилга, хурд муутай байгаагаа мөнгөгүй, төсөвгүй гэсэн башир тайлбар хийж бултах оролдлого хийх боллоо. Гэтэл 2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү батлагджээ. Энэ мөнгөөр 25 цэцэрлэг барьж болно. Урин хавар нэгэнт ирчихээд байхад Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын нэг ч ажил эхлээгүй байгаа нь мөнгөөр дутаагүй ч сэтгэл дутагдаж байгааг нотолж байна. Улаанбаатар хотод хоноцын сэтгэл эргэн амиллаа.
2. Нээлттэй, гэрэлтэй Улаанбаатараас Хаалттай, Харанхуй Улаанбаатар руу
Хотын удирдлага 9 сарын өмнө бүрэн солигдож, МАН-ын дарга нар томилогдсоноос хойш Нийслэлийн захиргаа Шилэн дансаа бүрэн хөтлөхгүй байна. Өнөөдөр 4 дүгээр сарын 26-ны өдөр, 4-р сар дуусаж байхад Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ-ын шилэн дансанд энэ сард нэг ч гүйлгээ байршуулаагүй байна.
Хотын өмнөх удирдлагууд гаргасан шийдвэр, гадаад томилолтын зардлын тайлангаа Шилэн дансны тухай хууль батлагдахаас өмнө ч www.ulaanbaatar.mn сайтад нээлттэй байршуулдаг байв. Дараа нь Шилэн дансны тухай хууль батлагдмагц хуулиар тогтоож өгсөн мэдээллийг шуурхай, нээлттэй байршуулдаг байсан хууль дээдлэх ёс, сайн жишгийг одоогийн Засаг дарга Су.Батболд үгүй хийлээ. Улаанбаатарын мэдээлэл хаалттай, гудамжнууд харанхуй үе рүүгээ аажим аажмаар гулсан орлоо.
3. Нийслэлийн хөгжил ухардаг араандаа залгагдлаа
Хотын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төлөвлөгөөнөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү батлагджээ. Гэтэл энэ хавар гудамжны хайс угаасныг эс тооцвол нэг ч бүтээн байгуулалт эхэлсэнгүй. Өмнө нь амжилттай хэрэгжиж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлт, Зорилтот бүлэгрүү чиглэсэн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц хөтөлбөр, Ахмадын орон сууц хөтөлбөр, Цахим газар өмчлөл, Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор зэрэг иргэдэд хүлээлттэй байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд яах эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй, зогсонги байдалтай байна.
Бэлэн байгаа томоохон төслүүдээ ажил хэрэг болгохгүй мөртлөө, Хотын дарга миссийн тэмцээн ивээн тэтгэх, талбай дээр шоу хийх, найр наадам тэмдэглэх ажилд өндөр ирцтэй оролцсон нь олон нийтийн дургүйцлийг хөдөлгөж байна.
Засаг даргыг найрлаж явах зуур нийслэлийнхний хамгийн өргөн хэрэглээ болсон Приус машинд 50 хувийн онцгой албан татвар ногдууллаа. Ахмад настнуудад олгох тэтгэмжийг ялгаварлах бодлого хэрэгжиж эхэллээ. Тэтгэврийн насыг уртасгаж насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр шимийг насны бөгсөнд хүртэх боломж хумигдлаа. Эрх баригч МАН нийслэлчүүдэд амласан амлалтаасаа ухарч, ажилгүйдэл нэмэгдэж, бизнесийн орчин хумигдаж байхад Хотын дарга дуугүй л харж суув. Өнгөрсөн жилүүдэд хурдтай урагшилж, өдөр ирэх тусам өнгө нэмж байсан Улаанбаатар хотын хөгжил өнөөгийн удирдлагын үед ухрах араандаа залгагдлаа.
4. Дүүрэг, хороо, анхан шатанд ч улс төржүүлж байгаад иргэд бухимдалтай байна
Өнгөрсөн 9 сарын хугацаанд Нийслэлийн хэмжээнд 40 орчим хороодын засаг даргыг хэт намчирхан, хууль зөрчин томилж, иргэдийн сонголт хийх үндсэн эрхийг булаан авлаа. Зарим хороод нь хуулийн хугацаандаа хорооныхоо хурлыг хийхгүй байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн зарим хороод хурлаа хийхгүй, хууль зөрчиж байна.
Нийслэлийн засаг дарга Су.Батболд Монгол улсын Шүүхээс илүү эрх мэдэл эдлэн, шүүхийн шийдвэрийг үл тоон Баянзүрх дүүргийн засаг даргыг хууль бус захирамж гарган томилж, Иргэд, ард түмэнлүү нулимс асгаруулагч, хорт хий, хоолой боогч бодис цацаж хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонголтыг үгүйсгэж, Хүч хэрэглэн эрх мэдлийг булааж авахаар оролдлоо.
Ард иргэддээ ажилтай орлоготой болгох төсөл хөтөлбөрт сэтгэл зүрхээ зориулах ёстой байтал өөрийн намын хүмүүсийг ажил алба, эрх мэдэлтэй болгох гэж улайран зүтгэлээ. Нийслэлчүүд бидэнд улс төржсөн талцал тэмцэл биш Хөгжих тэмүүлэл, бодитой шийдэл, тодорхой үр дүн, ажил хэрэгч санаачлага хэрэгтэй байна.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд Нийслэл хотоо хөгжүүлэх, Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санал санаачлагагүй ажиллаж, хууль бус захирамж шийдвэр олноор гаргаж иргэд олон нийтийн сонголт болон Монгол улсын хууль, шүүхийг уландаа гишгэж, Нийслэлийн Засаг даргын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын ажлыг “БҮРЭН ХАНГАЛТГҮЙ” гэж дүгнэжээ.