сэтгүүлч Н.Урансолонго
Ирэх онд 100 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр барих саналыг хотын удирдлагууд гаргасан. Уг гэрээгээр хийх ажлын эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг нураан, шинээр 5-6 давхар барилгыг барих юм байна. Мөн Нарантуул захын уулзварт 435 метр урттай гүүрийг 33 тэрбум 227 сая төгрөг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Морингын давааны зүүн талын гэр хорооллоос “Авто худалдааны цогцолбор” хүртэл 3.6 километр зам, 310 метрийн урттай гүүрийг нийт 3.6 тэрбум төгрөгөөр тус тус барихаар тооцоолжээ. Түүнчлэн Алтай хотхон, Дүнжингарав хороолол руу нэвтрэх замд нүхэн гарц гаргах аж. Харин Яармаг, Сонсголонгийн гүүрийг хос болгож, шинэчлэх юм. Харин боловсролын салбарт нийт 22 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй сургууль цэцэрлэгийн хоёр цогцолборыг бариулах санал гаргажээ. Эрүүл мэндийн салбарт хуучин хоёрдугаар төрхийг 18.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган барьж, шилжүүлэх нөхцөлөөр барих юм байна. Ирэх онд концессоор хийгдэх дээрх ажлуудын эргэн төлөлт 2017 оноос эхлэхийг хотын удирдлагууд тодотголоо.