Сэтгүүлч Л.Баатархүү
Ажлын хувцасны зах зээл, хөгжил болон дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болох “Ажлын хувцасны шилдэг аж ахуй нэгжүүдийн ЭКСПО”-ийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргье. Монголд ажлын хувцасны хэрэгцээ шаардлага хэрхэн өсөж байна вэ. Ер нь яагаад заавал ажлын хувцас өмсөх ёстой гэж?
-Уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрээс эхлэн бүх байгууллагын ажлын хэрэгцээнд нэн түрүүнд байдаг зүйл мэдээж ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл.
Хүн өдөрт 8-10 цагийг ажлын байран дээрээ өнгөрөөдөг. Ингэхдээ бүтээмж өндөртэй байх нь биед эвтэйхэн, загварлаг, чанартай хувцас байхаас гадна хөдөлмөрийн осол эндлээс сэрэмжлэх, мэргэжлээс шалтгаалах өвчин зэргээс хамгаалах хамгаалалт болж өгдгөөрөө сүүлийн үед аж ахуй нэгж, хувь хүмүүс тусгай зориулалтын ажлын хувцас худалдан авах, захиалах нь эрс ихэссэн.
-Өөрөөр хэлбэл, ажлын хувцасны ач холбогдлыг дотоодын зах зээлд ойлгож эхэлж байна гэсэн үг үү. Ингэж ойлгохын хажуугаар учирч буй саад бэрхшээл олон гарч байгаа байх?
-Товчхондоо тийм. Гэтэл энэ төрлийн хувцасны эрэлт жилээс жилд өсөж байгаа хэдий ч хэрэглэгч хаанахын ямар үйлдвэрт хандах, яаж захиалах талаар хүртэл тодорхой мэдээлэл муу байдаг.
Түүнчлэн хэрэгцээ шаардлага нь ингэж өсөж буй энэ салбарт жилд ганц удаа ч болов ажлын хувцас үйлдвэрлэгч, худалдаалагч нарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдрийг хүртэл огт болоогүй. Ажлын хувцас захиалах гэж буй аж ахуй нэгжүүд жилд хэд хэдэн үйлдвэрлэгчээс байнга үнийн санал цуглуулдаг байна. Энэ нь аль аль талдаа чирэгдэл учруулж байгаа юм. Тухайн байгууллага жил болгон ингэж үнийн санал цуглуулна гэдэг нь хувцас үйлдвэрлэгч, худалдаалагч захиалагчийн хооронд ямар нэгэн тогтвортой харилцаа байхгүйг илтгэж байна. Товчхондоо тогтвортой хамтын ажиллагаа байхгүй гэж болно.
Ийм тогтвортой харилцаа байхгүйгээс болоод энэ салбарын жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байна. Энэ жил 100 хувцас захиалсан бол намар, өвлийн хувцсаа захиалж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Тэгэхээр үйлдвэрлэгч талаас захиалагчдаа итгэхгүй болж эхэлнэ гэсэн үг. Үйлдвэрлэгч байнгын тогтвортой харилцагчийнхаа итгэлийг алдахгүй нь тулд ядаж үнээ бууруулах, сайн чанарын хувцас хийж өгөхөөс авахуулаад олон сайн талууд урт хугацааны хамтын ажиллагаанаас гарах учиртай. Харамсалтай нь Монголд ийм хамтын ажиллагаа дутагдаад байгаа хэрэг. Наанадаж захиалагч, үйлдвэрлэгч хоёр тогтвортой 3-5 жил хамтарч ажиллах боломжийг хангахын тулд бид “Ажлын хувцасны ЭКСПО”-г дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнгээр ажлын хувцас үйлдвэрлэгч шилдэг аж ахуй нэгжүүд оролцож, хувцасны загварын шоу хүртэл болно. Энд захиалагчид ирж гэрээ байгуулах, хамтран ажиллах, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн орчин үеийн загвар хийц ямар болсныг нэг дороос харах боломжтой.
-Монголд ажлын хувцас үйлдвэрлэгч хэчнээн аж ахуй нэгж, хувь хүмүүс байдаг вэ?
-Ажлын хувцасны зах зээл дээр 300 компани, хувь хүмүүс ажиллаж байгаа гэсэн тоо бий.
-Ажлын хувцасны зах зээл Монголд ер нь хэдэн оноос эрчимжиж эхлэв?
-Дээр үеэс явж л байсан. Харин өнгөрсөн 2006 оноос уул уурхай, барилгын салбар хөдөлгөөнд орж эхэлсэн үеэс ажлын хувцасны зах зээл өргөжиж эхэлсэн байдаг.
-Ер нь аль салбарын хувцас эрэлттэй байна вэ?
-Өнгөрсөн 2010-2013 он хүртэл уул уурхайн хувцас маш их эрэлттэй байлаа. Харин 2013 оноос барилгын салбар, 2015 оноос нийт массаараа ажлын хувцасны хэрэглээ нэмэгдэж байна. Тухайлбал, мужааны цех, дугай засвар, авто засвар, талх нарийн боов, эмнэлгийн салбар, тогооч, оффис гээд бүгд л зориулалтын ажлын хувцастай болж буй.
-Нөгөөтэйгүүр эмнэлгийн салбар ч юм уу импортын ажлын хувцас нэлээд аваад байгаа юм шиг?
-Монголд үнэндээ импортын хамааралгүйгээр хөгжиж байгаа салбарыг ажлын хувцас гэж хэлмээр байна. Дотоодын хэрэгцээний 80-аас дээш хувийг өөрсдөө хангаж байгаа.
-Үүнээс гадна Монголд нэгнийгээ дуурайх, Бат нэг загвар хийчихвэл түүнийг хуулбарлаад гаргаад ирдэг. Ялангуяа гутлынханд энэ байдал маш их байна. Харин ажлын хувцасны салбарт байдаг ямар вэ?
-Манай салбарт ч мөн адил. Арай гайгүй компанийхаа танилцуулгыг хүртэл улаан цайм бариад сууж байдаг гээд бод доо.
-Ажлын хувцас үйлдвэрлэгчдийн менежмент хэр байна вэ?
-Одоогоор тодроод гараад ирсэн компани нэг их олон биш. Нийгэмд танигдаагүй жижиг компаниуд ч их байна. Тийм учраас ажлын хувцас авах гэсэн хүн тэр компани сайн гэх ойлголт, мэдээлэл хомс учраас таарсандаа захиалга өгдөг. Энэ бүхэнд эергээр нөлөөлөх үүднээс ажлын хувцас үйлдвэрлэгч шилдэг гэсэн аж ахуй нэгжүүдийг тус ЭКСПО-д оруулъя гээд байгаа юм.
Дашрамд дурьдахад тус үзэсгэлэнгээс ажлын хувцас худалдан авч буй аж ахуй нэгжүүдийг тухайн үйлдвэртэйгээ 3-5 жил тогтвортой хамтран ажиллахыг уриалж буй юм байна.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88114839 дугаараас лавлаж болох аж.