богино мэдээ New

6 сая төгрөг ба 6 минутын уулзалт

Нэр дэвшигчид намын төв аппаратаас зохион байгуулснаас өөр цагт уулзалт, ярилцлага хийж болохгүй, түүнчлэн гишүүдтэй утсаар ч ярьж болохгүй гэсэн журам АН-ын дотоод сонгуульд зориулагдан гарчээ..

-Дотоод сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 2-нд болох ч албан ёсны дүн нь 24-нд гарах юм гэсэн. Тэр хүртэл их ч юм болно, чамгүй ч хор явагдана-

Сэтгүүлч Ж.Эрхэс

    Ардчилсан намын дотоод сонгууль ид явагдаж байна. Үндэсний Бодлогын хороог /380 гишүүн/ шинэчлэн байгуулах, намын хороодын дарга нарыг сонгох сонгууль үргэлжилсээр, морьд бариандаа ороход гурав, дөрөвхөн хоног үлджээ . Намын Их хурлаас бусад үед эрх барих дээд байгууллага болох ҮБХ болон үүр, хороодын даргад чухам хэн, ямар шалгуур, ямар зорилгоор өрсөлдөж байгааг харах ид өрсөлдөөн ийнхүү эхэллээ.

ЗУРГААН САЯЫН ҮНЭТЭЙ НЭР ДЭВШИГЧ: БУЯН ЖАГАА

     Чамгүй өндөр буюу зургаан сая төгрөгөөс эхэлж байгаа элдэв татвар дэнчинг нь намын аппаратад төлж тушаасан нэр дэвшигчдийн дунд Улсын дээд шүүхэд бие даасан бүртгэлтэй БНН-ын дарга Б.Жаргалсайхан, өнгөрсөн сонгуулиар Г.Уянгын ТТЭНН-аас нэр дэвшиж явсан н.Бат-Эрдэнэ гэх зэрэг “хачирхалтай” хүмүүс хавчуулагдаж амжээ. Тодруулбал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хан-Уул дүүргийн 57 дугаар тойрогт, Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт нэр дэвшжээ. Нэрлэж, зүсэлж болох нь тэд болохоос бус энэ намд бараа, сураггүй явсан, гишүүний үнэмлэхийг барьж үзээгүй  баахан хүмүүс нэр дэвшиж байна. Уг нь Улс төрийн намын тухай хуулиар бол бүх л нам хатуу гишүүнчлэлтэй юм. Тэр тусмаа Ардчилсан намын шинэчлэлийн зорилго нь эгэл жирийн гишүүддээ ойртох, тэдэнд үүд хаалгаа нээх явдал байсныг олон нийт санаж байгаа байх. Гэтэл шинэчлэлийг биежүүлэх бодит алхмууд нь бүр анхны зорилгоосоо гажиж эхэлсний нэг илрэл нь мөн энэ удаагийн дотоод сонгууль болж байна.

Ардчилсан намд шинэ гишүүн элсэх, тэдгээр нь дотоод сонгуульд өрсөлдөх нь нээлттэй хэрэг боловч зургаан сая төгрөгийн өндөр дэнчинг дагаж босго, шалгуур өндөрсөх биш бүр эсрэгээр намсав бололтой. Энд, тэнд даргын цай зөөж явсан бүсгүйчүүд, эсвэл цүнх барьж гүйсэн залуучууд үзэл, үнэмшил ярихаасаа илүүтэй дараагийн удаа “агентлагийн дарга” ч болох нь албан тушаал амталчих санаатайгаа эрээ цээргүй, ил цагаан ярьж явна. Өнөөх өндөр дэнчин нь Ардчилсан намыг гишүүдээс нь салгаж, албан тушаалд хүргэх “төлбөрийн хэрэгсэл” болгон хувиргаж байгаа юм биш үү?!

     Ардаа татаастай, ах нарын гар хөл болсон нэр дэвшигчид жагсаалтад багтаахын тулд намын удирдлагуудтай хуйвалдсан гэж хардахаар хэрэг явдлууд энд тэнд гараад эхэлжээ. Тухайлбал, Дорноговьд л гэхэд намдаа нэр хүнд бүхий гишүүн Гантулгын нэр дэвших эрхийг аар саар шалтгаар хассан бол Дархан-Уул аймагт намын хуучин гишүүн Эрдэнэбатыг мөн нэр дэвшүүлэхгүй байгаа аж. Эдгээр аймагт намын жирийн гишүүд нь энэ байдлыг эсэргүүцэн сонгуулийг шударга явуулахыг шаардаж байна. Өөр намын гишүүн, эсвэл энэ намын гишүүн бус хүмүүст нэр дэвших эрхийг өгсөн мөртлөө өнөөдрийг хүртэл АН-ын төлөө ажиллаж, сонгууль бүрээр зулгаа эргэтэл зүтгэж явсан хүмүүсээ яагаад ийм байдалд оруулж, үнэгүйдүүлж байгааг гишүүд, дэмжигчид нь С.Эрдэнэ даргаас асуух цаг болжээ. Мөнгөө л төлсөн бол манай, танай ялгаагүй нэр дэвшүүлж болдог ийм сонгууль эцсийн дүндээ МАН-ын “жаран тэрбум”-ын пирамидаас ялгарах юун.

ЗУРГААН МИНУТЫН УУЛЗАЛТ

     Санал хураалт болтол ердөө тав хоног үлдээд байгаа ч нэр дэвшигчид гишүүд, олон нийттэй уулзалдаж, санаа бодлоо солилцох эрхээ ердөө зургаан минутаар хэмжүүлж буй аж. Нэр дэвшигчид намын төв аппаратаас зохион байгуулснаас өөр цагт уулзалт, ярилцлага хийж болохгүй, түүнчлэн гишүүдтэй утсаар ч ярьж болохгүй гэсэн журам АН-ын дотоод сонгуульд зориулагдан гарчээ. Түүнчлэн зөвшөөрөгдсөн уулзалт дээр нэр дэвшигч таван минутад багтаан үг хэлж, нэг минутад багтаан асуултад хариу өгөх ёстой юм байна. Уулзалтын явцад нэр дэвшигч нийт зургаан минутын үг хэлэх эрхтэй гэсэн үг юм. Энэ нь бүх журам нь намын гишүүд, дэмжигчидтэй санал бодол солилцох, өөрийгөө танилцуулах, илэрхийлэх бололцоог хааж байна гэсэн гомдлыг олон хүн хэлж байх аж. Хамгийн гол нь саналаа өгч, төлөөллөө сонгох гишүүдийн мэдээлэл авах эрх чөлөө хязгаарлагдаж, үнэндээ тэд харанхуй сонголт хийхэд хүрч байгааг онцолж байгаа юм. Энэчлэн элдэв явдлаар дүүрэн энэ удаагийн сонгууль санал хураалтын өдөртэй золгох нь тодорхой.

Харин энэхүү сонгуулийн үр дүн хууль эрх зүйн чадамжтай байх эсэхэд гишүүд нь өнөөдрийг хүртэл эргэлзсэн хэвээр байгаа юм. Учир нь Дотоод сонгуулийг зохион байгуулж буй шинэ дүрэм нь Улсын Дээд шүүхэд бүртгэгдээгүй байгааг санууштай.

 

    Хүчин төгөлдөр болоогүй дүрмээр дотоод сонгуулийг явуулсан тохиолдолд санал хураалтын дүн нь юу болж хувирах вэ? Энэ болгоомжлолоо гишүүд нь АН-ын дарга С.Эрдэнэд энэ сарын 24-ны өдөр бичгээр илэрхийлж, Улсын дээд шүүхэд хүсэлт гарган хэлэлцүүлэх шаардлагыг ч тавьжээ. Гэвч хариу аваагүй гэх.

Дотоод сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 2-нд болох ч албан ёсны дүн нь 24-нд гарах юм гэсэн. Тэр хүртэл их ч юм болно, чамгүй ч хор явагдана.

 www.news.mn