богино мэдээ New

О.Батбилэг: Хүүхэд, морь хоёр эсэн мэнд ирсэн наадам л хамгийн сайхан

Аав, хүү хоёр тод манлай уяач цол хүртэнэ гэдэг ховор хувь тохиол болов уу..

Сэтгүүлч Б.Буяндалай

    Өнөө цагийн уяачдыг манлайлж яваа эрхэм бол Монгол Улсын тод манлай уяач Д.Онон билээ. Цагаан сарын босгон дээр түүний хүү Батбилэг Монгол Улсын тод манлай, Батболд нь улсын алдарт уяач цол хүртсэн юм.

Хар багаасаа молор эрдэнэтэй амьдралаа холбосон “Түмний эх” галын уяач Батбилэг сүүлийн гурван жил дараалан Монголын шилдэг уяачаар шалгарч, улс, бүсийн наадмаас 90 гаруй айраг, түрүү хүртээд буй. Аавынхаа морь уях эрдэм ухааныг өвлөн, ажил үйлсээрээ үеийн залуусаа манлайлж яваа түүнийг “Удам залгамж” булан онцоллоо.

-Ах, дүү хоёр уяач нэг өдөр төр засгаас том цол хүртэнэ гэдэг ховор хувь заяа. Тэр тусмаа аавынхаа цолоор энгэрээ мялаан, Ерөнхийлөгчөөс гардаж авах мөчид юу бодогдов?

-Их сайхан юм билээ. Бичин жил үр өгөөжөө хайрлаж, морин эрдэнийн буян заяа түшин, дүүтэйгээ хамт төрийн өндөр цол хүртсэндээ бэлгэшээж байна. Дүү минь улсын алдарт уяач цол хүртэн, баяр дээр баяр нэмлээ. Үнэнийг хэлэхэд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар холбогдон “Тод манлай уяач цолоор шагнахаар боллоо. Хоёр хоногийн дараа Төрийн ордонд бэлэн байгаарай” гэхэд нь сэтгэл нэг их хөдлөөгүй ээ.

Энэ цолны болзлыг хангаж, Монголын морин спорт, уяачдын холбооноос тодорхойлчихсон байсан нь чамгүй их нөлөөлсөн байх. Харин Төрийн ордонд аав, дүү хоёртойгоо хамт шагнал гардуулах ёслол эхлэхийг хүлээн зогсож байх үед сэтгэл их хөдөлсөн шүү. Аав, хүү хоёр тод манлай уяач цол хүртэнэ гэдэг ховор хувь тохиол болов уу.

Багаасаа адуунд хорхойсож, морины нуруун дээр хийсэж өссөн минь оножээ. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэж, уйгагүй хичээвэл үр шимийг нь хүртдэгийг мэдэрлээ.

Намайг бага байхад манайх нэгдлийн адуу малладаг байлаа. Гүүгээ саана, айраг исгэнэ. Багаасаа аав, ээжийнхээ гарын үзүүрт нэмэр болж, гүүний зэлний дэргэд өссөн хүн дээ, би. Гурван настайдаа морь унаж суран, аавтайгаа хамт адуунд явж эхэлсэн. Ц.Чимиддорж гуай “Малчин” шүлэгтээ “Эцэгтээ чөдрийн морь дөхүүлж тусад орсон” хэмээн их сайхан онож хэлсэн байдаг.

Тэр чинь яг үнэн байхгүй юу. Миний амьдралыг аргамаг хүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Би бараг “морь” гэж хэлд орсон байх (инээв). Монгол түмнийхээ мал маллах уламжлалыг өвлөн, аавынхаа морь уях эрдэм ухааныг залгамжилж, алтан сургаалаар нь хүмүүжиж яваагаараа бахархдаг.

-Тод манлай уяач цол хүртэхэд аав тань хамгийн их бахархсан нь лавтай. Д.Онон гуай танд юу гэж хэлж байв?

-“Хүүгээрээ бахархаж байна. Олны итгэлийг алдалгүй, морь уях уламжлалт соёлоо дээдэлж, хүндэлж яваарай. Хурдан морины босоо цагаан хийморь биднийг ивээж байна” гээд духан дээр үнссэн. Төрийн өндөр цол хүртсэнээс илүүтэй аавыгаа баярлуулж чадсандаа л өөрөөрөө бахархаж байна. Өдий хүртэл нойр хоолоо умартан, зүтгэснийхээ үр шимийг хүртэж сууна даа, бид.

-Аав тань тод манлай уяач цолтой, Монголд алдартай уяач. Арай залуугаараа аавынхаа цолонд хүрчихлээ гээд сүрдэх юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Би аавынхаа нэр хүнд, морины буян заяаг сэвтээхгүй юм сан гэж хичээж явдаг. Улам их хичээж, хөдөлмөрлөөрэй гээд төр, засгаас надад энэ шагналыг олгосон байх.

-Улс, бүсээс хэчнээн айраг, түрүү хүртсэн амжилтаар энэ цолны болзлыг хангав?

-Би ер нь улс, бүсийн наадмаас жилд дунджаар 20 гаруй айраг, түрүү хүртдэг. Ингээд бодохоор 2014-2016 онд 70 гаруйг аван, сүүлийн гурван жил дараалан Монголын шилдэг уяачаар шалгарсан. Гурван түрүү, 17 айраг хүртсэн амжилтаар 2015 онд улсын манлай уяач цол хүртсэн.

-Хэрвээ та Онон гуайн хүү нь болж мэндлэн, морь уях эрдмийг нь өвлөөгүй бол өдий насандаа өнөөгийн амжилтад хүрэх байсан уу?

-Миний мундаг гэж юу байх вэ. Аав минь олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимээр угшил сайтай адуу бий болгосны л ач гавьяа.

-Ихэвчлэн танд юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Морь шинжихдээ тулгуур яс, толгойг нь сайн хараарай. Өөртөө арай жаахан урт чацтай юм даа гэж харагдсан морь хурдан байдаг юм шүү гэж хэлдэг. Харин би мориныхоо хүүхдүүдэд эхний 20-т ирэхээргүй бол амыг нь татан, амрааж явсаар барианд оруулаарай гэж зөвлөдөг. Ер нь айраг, түрүү хүртсэн гэхээс илүүтэй хүүхэд, морь хоёр эсэн мэнд ирсэн наадам л хамгийн сайхан.

-Аавынхаа ямар зан, чанарыг үлгэрлэж явдаг вэ?

-Аав минь ноён нуруутай, тусархуу, гүндүүгүй сайхан эр хүн. Хүмүүс намайг аавтайгаа их адилхан юм гэхэд нь баярладаг шүү. Хэдэн зууны турш дуурсагдах хурдан удмын угшил бий болгож, монгол түмэндээ үнэт өв үлдээсэн аав шигээ хүн болохыг хичээн, бахархаж явдаг.

-Д.Онон гуайн уяж, таны унасан хүрэн халзан морь 1989 онд улсын наадамд аман хүзүүнд давхисан. Аав, хүү хоёр хамтдаа төрийн наадмаас анхны айргаа хүртсэн нь их бэлгэшээлтэй санагддаг байх.

-Тэгэлгүй яах вэ. Өмнөх жил нь тогоруу халтар морио унаж, овоо туршлага, дөр суучихсан байсан үе л дээ. Зургаан настайдаа улсын наадамд анх удаа хурдан морь унасан маань тэр. Өдий хүртэл олон наадмын дов үзлээ. Эдэн дундаас аавтайгаа хамт төрийн наадмын анхны айргаа хүртсэн 1989 оны улсын наадам санаанаас гарамгүй хамгийн сайхан дурсамжийг өнөөг хүртэл өртөөчилж, сэтгэлд тодхон үлдэж дээ.

Хүрэн халзан мориныхоо цолыг дуудуулж, инээмсэглэн зогссон аавын минь төрх одоо хүртэл санаанаас ер гардаггүй юм. Сайн хүлэг гэдэг арай л өөр шүү. Халзан морь 32 нас хүрээд хэдхэн жилийн өмнө цулбуур амраасан. Хэр баргийн морь сайндаа л 25 насалдаг шүү дээ. Мөн ч шандастай, яс сайтай ажнай байсан даа. Морь их өтлөхөөрөө өрөвдөлтэй юм билээ. Нэг удаа Америкаас малын эмч ирэхээр нь халзан мориныхоо арааг солиулъя гээд үзүүлтэл бүх шүд нь уначихсан байсан.

-Морь эзнээ олдог гэдэг. Аавын тань аварга хээр яахын аргагүй тийм хүлэг байх. Хээр морийг та уралдаанд унаж байсан уу?

-Үгүй ээ. Аав хээр морийг 1997 онд хүнээс авах үед би мориноос “зодог тайлчихсан” байсан юм. Аварга хээрийг мэдэхгүй морины хорхойтой хүн тун ховор. Уралдсан наадам бүхэндээ торгон жолоо өргүүлсэн, үнэхээр ховорхон төрөх ажнай. Ардын хувьсгалын 77 жилийн ойн наадамд аман хүзүүдсэнээсээ хойш 2004 он хүртэл биднийг мөн ч олон удаа баярлуулсан даа.

Хээр морийг уралдаанд унасан бол сайхан байхгүй юу гэж боддог шүү. Гэхдээ аавыг уяа сойлгыг нь тааруулж, хөлслөхөд нь тусалдаг байсан. Хэр баргийн наадамд “Аавын маань хээр морь ямар ч байсан айрагдчих байх” гэсэн итгэл дүүрэн хөтлөөд очих урамтай байсан шүү.

-Хэзээнээс морь уяж эхэлсэн билээ?

-Би 14 нас хүртлээ хурдан морь унасан. 15-тайгаасаа хойш морь уяж байна. 2004 онд “Их хурд”-д хоёр үрээгээ түрүүлгэн, анхны түрүүгээ авч байлаа.

-Моринд хайртай монголчууд бид хурдан морь барианы зурхайд орж ирэх мөчид өөрийн эрхгүй сэтгэл догдолж, самсаа шархирдаг.

Унаган хүлэг нь түрүүлж ирэхэд уяач хүний сэтгэл ямар их догдолдгийг үгээр илэрхийлэмгүй санагдаж байна.

-Ээ дээ, сайхан шүү. Олон хүлгийн тоосон дундаас ганцаараа торойсоор өнгөнд гарч ирэхэд өөрийн эрхгүй сэтгэл догдолж, их сайхан мэдрэмж төрдөг. Миний морь мөн үү гэж дахин дахин дурандаад л суух сайхан. 2013 оны улсын наадам, “Их хурд” уралдаанд миний уяж, хүүгийн минь унасан хул азарга түрүүлэхэд нь их баярласан. 1989 онд аав минь яг над шиг баярлаж, хүүгээрээ бахархсан байх.

-Өнөө цагт хүүхдээрээ морь унуулдаг уяач ховор. Таны хүү Б.Буяндэлгэр Монголын шилдэг унаач хүүхдээр гурван удаа шалгарсан. Өвөө, аав хоёрынхоо шийрийг хатаасан сайн уяач болох нь дээ?

-Багаасаа хүлгийн дэргэд өсөж, адуучин хүний жаргал, зовлонг мэдэрсэн хүн сайн уяач болдог. Хүү минь багаасаа моринд хорхойсож долоон настайгаасаа хойш хурдан морь унасан. Их өсгөлүүн биетэй. Өнгөрсөн жил аргагүйн эрхэнд хурдан морь унах ажлаас “халсан”. Би хоёр хүүтэй. Том нь гарын үзүүрт тусалж, ажлыг минь ганц нугалж байна.

-Өвлийн морин уралдааны улмаас цөөнгүй хүүхдийн амь эрсдэн, нэлээд шүүмжлүүлж буй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Морь уях ажлыг өнгөц харахад уяач, хүүхэд хоёрын л хөдөлмөр мэт боловч үүний ард олон хүний хичээл, зүтгэл шингээстэй бий. Өвлийн морин уралдаан зохиох нь буруу биш. Би багадаа хурдан морь унаж байсан болохоор унаач хүүхдийн жаргал, зовлонг сайн мэднэ. Хүүхдийн амь насаар дэнчин тавьж байна гээд хүүхдийн төлөөх зарим байгууллага эсэргүүцэж байгаа бололтой.

Гэхдээ тэд томоохон уралдаан өнөө маргаашгүй эхлэх гэж байхад л гэнэт “амь ордог” нь учир дутагдалтай. Өмнөх жил нь өвлийн уралдаан зохиохыг эсэргүүцэн, албан ёсоор цуцлуулчихвал бид хүйтний улиралд морь уян, уралдуулахгүй шүү дээ. Уяачдын хөдөлмөрийг үнэлж, хүндлэх хэрэгтэй.

-Томоохон албан тушаалтан, бэлтэй хүмүүс хурдан морь үнэ цохиж аван, бусдаар уяулан цол хүртэж байгаа нь уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байх шиг. Танаар хэр олон хүн морио уяулдаг вэ?

-4-5 хүн бий. Хэчнээн сайхан хурдан буянтай байлаа ч уяж чадахгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс хоёулаа сэтгэл ханамжтай л байвал үүнийг буруутгах аргагүй ээ.

-Уяач хүн юуг эрхэмлэж явбал зохилтой вэ?

-Бусдад үргэлж сайн санаж, сайхан бүхний дээдийг ерөөж явахыг хичээдэг. Хэн нэгнийх нь морь түрүүлж, айрагдахад чин сэтгэлээсээ баяр хүргэж чаддаг байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд монголчууд бид ахуйгаасаа хөндийрч, хөдөө нутаг эзгүйрч байгаад харамсаж явдаг. Ид хийж бүтээх насан дээрээ яваа залуус биеийн амрыг харан, төв суурин газар бараадаж байгаа. Орон нутаг, малчид руу чиглэж, дэмжсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна.

www.unuudur.mn