УИХ-ын гишүүн асан ардчиллын алтан хараацайнуудын нэг Р.Амаржаргал мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт болж буй асуудалтай холбоотойгоор ийн ундууцлаа илэрхийлсэн байна.
Түүний мэдэгдэлд "Иргэдэд хүч хэрэглэн тэр дундаа хорт бодис, цахилгаан бороохой хэрэглэн нухчин дарж тараасан үйлдлийг анх удаа харж байна. Өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн БЗД-ийн ард иргэдийн итгэл дэмжлэг, ардчилсан намын гишүүд дэмжигчдийн сэтгэл зүтгэлийн үр дүнд нийтдээ 41 суудлаас 22-т нь Ардчилсан нам ялалт байгуулж олонх болсон. Гэтэл орон нутгийн сонгуулийг зохион байгуулах эрх бүхий дүүргийн сонгуулийн хороо улс төржсөн шийдвэр гаргаж АН-аас ИТХ-д нэр дэвшээд ялалт байгуулчихсан зургаан хүнийг батламжлаагүй. Дээрх СЕХ-ны шийдвэрийг шат, шатны шүүхээр хууль бус гэж удаа дараа тогтоосоор байтал бусармаг үйл ажиллагаа даамжирсаар МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч дангаараа хуралдсан.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж дүүргийнхээ Засаг даргад нэг нөхрийг дэвшүүлээд түүнийг Нийслэлийн Засаг дарга мэдэн будилж батламжилж байна. Эдгээр хууль бус үйлдлүүдийг тайван замаар эсэргүүцэж байсан АН-ын гишүүд дэмжигчдийг эрх баригчид хууль хүчний байгууллагуудаар далайлган нухчин дарах гэж оролдож байгаа нь Монгол Улсад сүүлийн 27 жил болж байгаагүй зүйл.
27 жил тогтчихсон ардчилсан улс төрийн тогтолцоо, соёлд халдсан бусармаг үйл явдал гэж би хувьдаад үзэж байна. Эрх баригчдын хууль зөрчсөн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглан баталгаажчихсан иргэдийн сонгох эрх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, нутгийн өөрөө удирдах ёс зэргийг үнэхээр ноцтой зөрчиж уландаа гишгэж байгааг буруушаахаас өөр арга байхгүй. Энэхүү дарангуйлал, хүчирхийлэл, хууль бус үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна" гэжээ.