богино мэдээ New

Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэх ёс бурханы номонд байхгүй

Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй..

 Сэтгүүлч Г.Тэгшсүрэн /www.shuud.mn/  

    Монголчууд шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх нь буян заяаг тэгшитгэж, тэр жилийн олз хийморь арвижддаг хэмээн сүсэглэдэг. Тэр ч утгаараа ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг хэмээн итгэж Монгол түмэн засал номоо хийлгэх нь элбэг.  Гандантэгчиглэн хийдийн зарим зурхайч, лам нартай уулзаж шинийн 15-нд засал, номоо заавал хийлгэх учиртай эсэхийг тодрууллаа.

Бурханы шашинд тийм дэг жаяг байхгүй

/“Дамбадаржаалан” хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэн/

 

-Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй.

Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ.

Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна.

 

Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэх албагүй

/Гандантэгчэнлин хийдийн Чогчин зурхайч Ш.Хүрэлбаатар/

 

-Шинйин 15-нд  жилийнхээ ноён нуруу, заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэж байна. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хэзээ ч хийлгэж болно. Ер нь бол Монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан байгаа юм. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл, хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй.

Хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно

/Гандантэгчинлэн хийдийн лам Д.Цогтбаатар/

 

-Өнгөрч буй жилийн адаг сарын 24-нөөс хойш шинэ жилийнхээ заслыг угтаад хийлгэж болно гэж үздэг. Ер нь бол хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно. Шинийн 15-ны дотор хийсэн буян маш олон дахин арвиждаг гэж үздэг. Тиймээс шинийн 1-15-ны хооронд буяны зан үйл хийх нь зохилтой. Сүм хийдийн газар ирээд бурхан болсон аав ээж, настнууддаа буяны ном уншуулбал сайн. Ингээд зав чөлөө гарвал 15-даа багтаад заслаа хийлгэж болно. Түүнээс биш заавал 15-нд багтах ёстой гэсэн юм байхгүй. 

Ямартай ч заавал Шинийн 15-нд амжиж засал номоо уншуулах дэг жаяг байхгүйг бурханч лам нар хэлж байна. Харин иргэдийн ихэнх нь амжаад уншуулчихвал аз хийморь, буян хишиг дэлгэрдэг хэмээн сүсэглэх аж.

Дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг

Сүсэгтэн Г.Олзбаяр: Буян хишиг арвиждаг гэдэг утгаар нь 15-ныхаа дотор багтаж заслаа хийлгэхийг хичээдэг.  Тэгээд ч бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-  хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхагуудыг дарсан хэмээдэг болохоор эдгээр өдөрт амжиж номоо хуруулахыг шамддаг юм. Би ч гэлтгүй бусад бүх хүн л амжиж заслаа хийлгэх гэдэг бололтой юм. Оочер, дараалал их л байна.

Өндөр настан Х.Цэндсүрэн: Шинийн 15-ны өдрөөс өмнө амжиж заслаа заавал хийлгэх ёсгүй, ер нь бол аль ч үед болно л доо. Цагаан сарын шинийн 1-нээс 15-н хүртэл их дүйчин байгаа юм. Тэр учраас энэ дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг. Нүгэл хийвэл бас тэр хэрээр арвиждаг учраас хүн бүхэн сайн үйл хийхийг шамддаг. Хийсэн нүгэл бол сэтгэлд байнга хадгалагдаж байдаг учраас арилдаггүй юм. Тиймээс хүмүүс нүгэл хийхээс их цээрлэдэг, тэр тусмаа шинийн 1-15-ны хооронд буян үйлдэхийг хичээдэг байсан нь ийм учиртай. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл улам илүү адис жанлавтай гэж бэлгэшээж заслаа хийлгэдэг юм.

Сүсэгтэн Д.Очирханд: Шинийн 15-нд амжаад номоо уншуулчихвал нэг л сайхан түшигтэй, хамгаалалтай байгаа мэт санагддаг. Сэтгэл дагаад ч тэр үү ажил үйлсэд ч эерэг нөлөөлж, тэр жилдээ л өнгөтэй өөдтэй явах шиг санагддаг шүү. Дөнгөж сая жилийнхээ заслыг 6000 төгрөгөөр хийлгүүллээ. Бурханы номонд сүсэглэж залбирч явах хэрэгтэй. Хүн өөрийн уншуулж буй номондоо эргэлзээ үгүй бат сүсэглэвээс бурханы номын адистад түргэн оршиж санасан хэрэг амар хялбар бүтдэг.