Г.Ариунзул /www.gogo.mn/
Сар шинийн баяраар зорилтот бүлэгт бууз, тавгийн идээг нь бэлэглэдэг “Бууз аян”-г дөрөв дэх жилдээ санаачлан хэрэгжүүлж буй “Таны оролцоо” клубийн тэргүүн Б.Санчиртай ярилцлаа.
-Танай клуб ямар үйл ажиллагаа явуулдаг талаар эхлээд танилцуулахгүй юу?
-“Таны оролцоо” клуб нь сайн үйлсийг дэмжих, түгээх зорилготой. Энэ ажлынхаа хүрээнд “Бууз аян”, “Ногоон ирээдүй” гэсэн хоёр аяныг уламжлал болгон явуулж байна.
-Сар шинийн баяраар зохион байгуулдаг “Бууз аян”-ы талаар яриач. Хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?
-Энэ аян маань цагаан сарын баяраар бусдын адил баярлах боломжгүй, өрхийн амьжиргаа тааруу ахмад настнууд болон өрх толгойлсон ээжүүдэд туслах зорилготой. Тэдгээр айлд цагаан сарын бууз, нүүрс түлээ, сүү зэргийг нь авч өгдөг. Энэ ажлыг 2013 оноос хойш өдгөө дөрөв дэх удаагаа хэрэгжүүлж байна. 2016 онд сонгуулийн жил байсан учраас энэ төслөө хэрэгжүүлээгүй. Учир нь хүмүүс сонгуультай холбож ойлгоод буруу ташаа мэдээлэл авах вий гэдгээс зайлсхийсэн юм.
-Жилд хэдэн айлд тусалдаг, тэр айлуудаа хэрхэн сонгодог юм бэ?
-Жилд 30-40 айлд тусалдаг. Ингэхдээ жил бүр өөр өөр дүүргүүдээс туслах айлуудаа сонгож авдаг. Эхний жилдээ бид нар гэнэдээд хорооноос шууд нэрээ аваад оччихсон чинь амьжиргааны төвшин гайгүй айлууд их байсан. Түүнээс хойш хорооноос нэр авахын сацуу үнэхээр амьжиргааны төвшин доогуур айл мөн эсэхийг урьдаар өөрсдөө явж үздэг болсон. Энэ жилийн хувьд бууз аянаа илүү өргөн хүрээтэй болгохоор үүнд нэгдье гэсэн бүх хүнд нээлттэй байлгахаар шийдээд байна.
Нэг айлд 500-600 ширхэг бууз мөн дөрвөн шуудай нүүрс, сүүг нь бэлэглэдэг
-Сайн дурын хүмүүсийг оролцуулаад ирэхээр туслах айлын тоо ч гэсэн нэмэгдэх үү?
-Ер нь тэгэх хандлагатай байна. Энэ жил харин өмнөх шигээ нэг дүүргийг сонгож авах уу үгүй юу гэдгээ сайн шийдээгүй байна. Яваандаа энэ аянаа зөвхөн манай клубийн гишүүд хийдэггүй нийгэм олон нийт бүгд боломжоороо нэгдэж тусалдаг болгохыг зорьж байгаа.
-Энэ аяныхаа төсөв мөнгийг яаж бүрдүүлдэг юм бэ?
-Манай клуб 300 гаран гишүүнтэй. Энэ хүмүүс маань бүгд өөрсдөөсөө бор зүрхээрээ хандиваа өгдөг. Мөн танил талаараа дамжуулж туслалцаа авах зүйл байдаг. Бас бид “Бууз шоу”-г зохион байгуулдаг. Шоунаас олсон мөнгөө аяндаа зарцуулдаг.
-Буузаа та нар өөрсдөө хийдэг үү, хаана хийдэг вэ?
-Таны оролцоо клубийн гишүүд маань баг болж хуваагдаад өөрсдөө хийдэг. Тэгэхдээ цайны газар түрээслээд, эсвэл буузны үйлдвэртэй ярьж байгаад хийдэг. Мэдээж эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд нь хийх ёстой гэдгийг чандлан сахидаг.
-Нэг айлд хичнээн тооны буузыг хийж бэлэглэж байна вэ?
-Нэг айлд 500-600 ширхэг бууз мөн дөрвөн шуудай нүүрс, сүүг нь бэлэглэдэг. Энэ жилээс олон хүн тусалж байгаа болохоор тавгийн идээ, жижиг гарын бэлэгтэй хамт өгье гэсэн бодолтой байна. Бид тооны хойноос хөөцөлддөггүй. Олон айлд багахан зүйл өгснөөс хэдэн айлд цагаалахаар хэмжээний зүйлийг нь бэлдэж өгсөн нь дээр гэж үздэг. Ямартай ч нийгмийн зорилтод бүлгийн айлууд маань сар шинээр бусдынхаа адил дулаахан гэрт, идээ тавагтайгаа, зочноо дайлах буузтайгаа сайхан шинэлбэл л бидний төслийн зорилго биелж байгаа нь тэр.
Бид яг битүүний орой туслах айлууддаа очдог. Баяр болох гэж байхад бараг юу ч бэлдээгүй байж байсан гэрт бууз, идээг нь бариад орохоор ихэнх нь л баярын нулимстай угтдаг даа.
Клубийн гишүүд баг болж хуваагдаад өөрсдөө буузаа хийдэг
-Танай сайн үйлсийн аянд нэгдэх хүмүүс байгаа байх.
-Энэ бол зорилтод бүлгийн хүмүүст туслахаас гадна нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгох, залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой сайн дурын үйл ажиллагаа. Тиймээс ямар ч шаардлагыг тавьдаггүй. Та зөвхөн боломжоороо бууз, тавгийн идээ, түлээ нүүрс, мөнгөн хандив гээд сар шинийн баярт хэрэглэгдэх юугаар ч тусалж болно. Энэ хүмүүнлэгийн үйлсэд маань нэгдэх хүсэлтэй хүмүүс bee.mn вэб сайтаар дамжуулан бууз аянд нэгдэх боломжтой гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний хийж буй үйлст амжилт хүсье.
-Баярлалаа. Бидний хийж байгаа ажилд илүү олон хүн нэгдээрэй гэж уриалж байна.