Богд хааны музейн "Хаан туульсийн өргөө"-нд Баян-Алтайн гуч цуурч, туульч, хөөмийч Эрдэнэцогтын Э.Баатаржав "Баян цагаан өвгөн" туулийг энэ сарын 17 буюу баасан гаригийн 11:00 цагаас хайлахаар болжээ.
Э.Баатаржав туульчийн хувьд “Баян-Алтай” Мэнгит туульчийн удмын цуурч, туульч, хөөмийч бөгөөд Алтайн Урианхайн удам дамжсан туульч юм байна. Тэрбээр өвөг дээдсийн хайлдаг олон туулийг уламжлан авч хайлахын зэрэгцээ хөөмий, цуур хөгжим, чашга, дудар, икэл, бүх төрлийн хэл хуур, нуман хуурыг эзэмшжээ. ”Хөлгөн туульс”, “Язгуур аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Хөгсүү” чуулгын нарийн бичгийн дарга Э.Баатаржав нь таван цомог гаргаж, гурван ном бичиж, 120 гаруй жил тасалдсан чашга дудар, эвэр нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрэн сурвалжилж, эрдэм шинжилгээний болон уран бүтээлийн эргэлтэнд оруулж, Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсийн хоржин хоолойн эрдмийг харьцуулан судалж туршиж, уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн таван тивийн олон орны үзэгчдэд таниулсан байна.
Мөн Харвард, Хавай, Стэйнфорд, Берклэй, Вэслэйны их сургууль, НҮБ-ын ордон, Холливуд, Европын алдартай тайзууд болон нийт нүүдэлчдэд өв соёлоо сурталчилж ирсэн байна. Дэлхийн урлагийн маэстро, 2011 оны “Дэлхийн ордны угсаатны эртний хөгжмийн гранпри”, “Испаны хун тайжын шагналт”, “Дэлхийн ардын урлагийн 30-р наадмын тэргүүн шагналт”, МУСТА, цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь 2006 оноос хойш хот хөдөөгийн хүүхэд залуучуудад тууль, цуур, хөөмэй, ардын билиг эрдэм зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор шавь сургалтыг явуулж байгаа юм.
“Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” тууль нь 2017 оны туулийн өргөөний хаалтын тууль юм. Уг тууль Богд хааны ордон музейн “ХААН ТУУЛЬС”-ийн өргөөнд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Сонирхсон хүн 88016871 дугаарын утсанд холбогдож болох юм байна.