-Хохирогч машинаа хаана засуулахаа өөрөө мэдэг-
Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Даатгалын компаниуд дотроо нэлээд томд тооцогддог “Мандал даатгал” /Тус компанийн хувьд өмнө нь “Мандал женерал даатгал” нэртэй байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн уг оноосон нэрийг өнгөрсөн сарын 16-ны өдөр “Мандал даатгал” болгон өөрчилсөн юм/ компани хохирлын мөнгө олгохоос зугтаж байна уу гэлтэй үйлдэл гаргаж эхэллээ.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өглөө /ням гариг/08:10 цагт/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хилчин хотхонд хоёр машин мөргөлдөж зогсоолд байсан машины хойд гупер мөргөж эзэмшигчид нь эд хөрөнгийн хохирол учруулсан осол болжээ. Буруутай тал даатгалын компаниа дуудахад 08:30 цагт ирсэн байна. Энэ үед цагдаа ч мөн ирэв. Грашнаас гарч ирсэн машин чигээрээ явсан машины урд гупер, дугуйг мөргөж улмаар шидэгдэн зогсоол дахь машиныг мөргөсөн уг осолд хоёр хохирогч байлаа. Буруутай жолоочын даатгагч нь “Мандал даатгал” байв. Эл үед даатгалын ажилтан ослын зураг авч хохирогч нарт “Та нар цагдаагаас тодорхойлолт хийлгээд ажлын өдрүүдэд Замын цагдаагийн зүүн талын “Мандал даатгал”-д бичиг баримтаа бүрдүүлээд манай засварын газруудад янзлуулчихаарай” гээд яваад өгчээ.
Уг нь хохирогчид даатгалын компанийн давуу эрхэнд орж тэдний засварын газраар машинаа засуулах бус яахаа өөрөө шийдэх ёстой. Ямар ч хохирогч байж болно. Өөрөө засах чадвартай, хамтран ажилладаг байгууллагатай эсвэл даатгалын компанийн санал болгох засварын газарт үл итгэх гээд хохирогчид “Мандал даатгал” компанийн засварын газраар үйлчлүүлэхгүй, энэ компанийн тавьсан саналыг хүлээж авахгүй байх бүрэн эрх бий. Тэгээд ч даатгалын компани цагдаа, үнэлгээний байгууллагаас гаргасан хохирлыг мөнгөн хэлбэрээр өгнө. Хохирогчид ч гэсэн “Бид хохирлоо мөнгөн хэлбэрээр гаргуулна. Нэгэнт бид өөрсдөө мөнгөн дүн хэлээгүй, танайх болон үнэлгээний мэргэжлийн байгууллагын гаргасан хэмжээгээр хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.
Осол болсны нөгөөдөрт нь хохирогчид “Мандал даатгал”-д шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлэн өгсөн байна. Хохирлууд нь сүйдтэй ч их мөнгө биш тус бүрдээ 100 гаруй мянган төгрөг л байв. Даатгагчын зүгээс “Ажлын өдрүүдэд багтаан та бүхний хохирлын мөнгийг шилжүүлнэ” гэсэн хариу өгсөн аж. Харамсалтай нь тухайн долоо хоногийн ажлын өдрүүд байтугай өнөөдрийг хүртэл 18 хоноход хохирогч Б-д ямар ч нөхөн төлбөр орж ирээгүй гэнэ. Тус даатгалын компанийн 75752000 дугаар руу холбогдож асуусан боловч “Бид маргааш шилжүүлнэ” гэсээр байж өдийг хүрчээ.
“Мандал даатгал”-ын гаргаж буй энэ үйлдэл хохирол барагдуулахаас бултсан арга гэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Тэдний хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулахаас бултсан үйлдэл нь дээр дурьдсан “Таны машиныг бид засварын газруудаараа янзлуулаад өгнө” гэх үгнээс харагдаж буй юм.
Дашрамд дурьдахад өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд эдийн засагч Д.Жаргалсайхан гуай грашнаасаа машинаа алдсан байдаг. Тэрбээр “Мандал даатгал”-д жилд сая төгрөгөөр машинаа бүрэн даатгуулдаг байсан байна. Хэрэв машин нь эрсдэлд орсон тохиолдолд 100 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагч тал гаргаж өгөх байжээ. Харамсалтай нь “Мандал даатгал”-ынхан “Нөхөн төлбөр өгөх боломжгүй” гэх шийдвэр гаргасан байдаг.
Мөн хоёр, гурван жилийн өмнө нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэмлэх захиалж буй оюутнууд “Мандал даатгал”-д даатгуулсан байх заалттай байсан нь оюутнуудын дургүйцлийг хүргэж эцэстээ Шударга өрсөлдөөн хэрэлэгчийн төлөө газраар шийдэгдэж байв.
Энэ даатгалын компанийн 39.24 хувийг “UMC capital” ХХК, “Голомт файненшил групп” ХХК 40.85 хувь, “Мандал даатгал” ХХК үлдсэн 19.91 хувийг эзэмшдэг аж. Өнгөрсөн 2014 онд “UMC capital” ХХК-ийн эзэмшдэг нэг ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй таван сая /таван тэрбум төгрөг/ хувьцаанаас 2.55 тэрбум төгрөгийн үнэт цаасыг “Голомт файненшил групп” худалдан авсан байдаг.