Монголын сэтгүүл зүйн орчинд цаг цөвүүн байна. Сэтгүүл зүйн хүрээнд хэлж ярих, болгоомжлуулах, зөвлөх, санаа авахуулах асуудлууд олноор урган гарч байгаа.
Саяхан “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид хэвлэлийн хурал зарлах үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ. Хэрэв би шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд гэнэт ундааны саванд бэлдэж ирсэн шатахууныг өөр дээрээ асгаж асаагуураа зурав. Гэнэтийн үйл явдалд балмагдсан сэтгүүлчид орилолдож, ширээн дээрх микрофон руугаа гүйсэн. Ингээд л сошиал ертөнцөөр “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” хэмээн буруутгаж, хүн үхэх гэж байхад сэтгүүлч асуулт асуусан хэмээн шуугилаа.
Энэ үйл явдал болоод удаагүй байтал сэтгүүлчид бас л нэг галын хэргийн гэрч боллоо. Уржигдар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд сурвалжлага хийж явсан сэтгүүлчдийн багийнхан Сэлэнгэ аймгийн харьяат С гэдэг нөхөр хамтран амьдрагчаа гэртэй нь шатаахаар гурван литр бензин цацаж зогсоход нь таарч сүйд болох шахлаа. Энэ хэрэг дуусаагүй шахуу байтал “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгтэн хэвлэлийн бага хурал хийж компанийн маань дансыг нээхгүй байна, надаас татвар нэхээд байна хэмээн уурсаж “Шаардлагатай бол хэн нэгнийг гэмтээхгүйгээр үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаах ёстой юм болов уу” гэж мэдэгдлээ.
Галдаад л байвал үр дүнтэй юм байна гэсэн мунхаглал газар авчихжээ, Монголын нийгэмд. Тийм болохоор хэн, хаана, ямар аймшигтай гал гаргахаар зэхэж, тэндээ сэтгүүлч биднийг дуудахыг таашгүй боллоо. Жишээ нь энэ Г.Майцэцэг хэн нэгнийг гэмтээчихгүй галдана гэж байна. Гэхдээ тэр сэтгүүлчдийг дуудаж гал тавих нь тодорхой. Тэгж нийгэмд хүргэхгүй бол баахан хувцас шатаасных нь үр дүн гарахгүй шүү дээ. С.Эрдэнэ ч тэр сэтгүүлчдийг дуудаж байгаад шатаасанд үйлдлийнх нь утга учир оршино. Ингэхээр Монголын сэтгүүлчдэд галын хор биедээ байнга авч явахыг цаг үе өөрөө шаардаж эхэллээ. Галын хоргүй бол бармааргүй юм байна лээ.
Сэтгүүлчдийг юу үүрч дүүрч, мэргэжлийнхээ ямар багаж хэрэгслээр хармаа халаасаа түнтийлгэж явдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй байх. Үнэндээ лайтай шүү дээ, дэвтэр, диктофон, зургийн аппарат, дуран, камер... үгүй бүр есөн шидийн хэрэгслээр өөрийгөө бүрэн өвчдөг хүмүүс. Эмэгтэй сэтгүүлчдийн цүнх тэр чигээрээ үүгээр дүүргээстэй. Эрэгтэй сэтгүүлчдийнх нь хармаа халаас мөн адил ийм зүйлсээр түнтийгээстэй. Хүмүүс өнөөдрийн сэтгүүлчдийг микрофон барьсан хөөрхөн охид, залуучуудаар төсөөлдөг байх. Тийм биш л дээ. Энэ их багаж хэрэгсэлдээ шинэхэн сэтгүүлч охид бол түүртдэг байх. Харин архаг сэтгүүлчид бол тоохгүй ээ. Бүгдийг нь чихэж дүүргэж, үүрч дүүрч аваад л гардаг. За тэгээд хэн нэгний өмнө очиж ярилцлага, сурвалжлага авах гэж аяглаж өгнө дөө.
Энэ ч халааснаасаа дөрвөлжин хар юм гаргаж өмнө нь тавиад, түүнийгээ дахин дахин шалгаад л, маяглаад ч байгаа юм шиг, тэгснээ тийшээ ч харж бай гэж зургийг нь дараад, дэвтэр үзэг дэлгэж давхар юм бичээд л. “Энэ нэг юм чинь одоо яагаад байгаа юм бэ” гэж цаад хүн нь бодохоор. Үнэндээ тэр дотор нь дампуу үйлдэл явж байдаг л даа. Манай салбарын нэг гайгүй сэтгүүлч нөхөр маань УИХ-ын гишүүн Я.Санжмятав руу утасдаж, өрөөнд нь сүртэй гэгч нь яриа авчээ. Хамаг халаасаа уудалж уудалж нэг дөрвөлжин хар юм гаргаж ирээд өмнө нь тавьчихаж. Ингээд л яриад байж, Я.Санжмятав урьд нь олон сэтгүүлчдэд яриа өгсөн биз дээ.
Өөрийнх нь өмнө тавьсан хар юм нь диктофон арай л биш шиг харагдаад болдоггүй гэнэ. Тэгээд “Наадах чинь хурааж байгаа юм уу, улаан гэрэл асдаг биз дээ” гэсэн өнөө сэтгүүлч чинь сүр сар хийн шүүрч томоо харснаа “Баларсан юм болжээ, зурагтынхаа удирдлагыг андуураад аваад ирж” гэсэн байгаа юм даа. Сэтгүүлч Г.Эрдэнэбатын тухай баримт ч байна. Тэр жил УИХ-ын даргатай ярилцлага хийхээр болж жигтэйхэн бэлдэж очсон ч яг ярилцлага эхлэх мөчид диктофон нь ажиллаагүй юм билээ. Ингээд цаасан дээр тэмдэглэх болсон ч бал нь гардаггүй гэнэ. Бал үзэг нь гарахгүйгээр барахгүй өврөө тэмтэртэл халаасанд нь ердөө дөрөв нугалаад хийчихсэн ганц ширхэг А4-ийн цаас байгаад түүн дээрээ ярилцлагаа тэмдэглэж эхэлжээ. Хэдэн үг томоор бичээд дүүрэхээр нь мөр хоорондын зайнд нь бичжээ. Тэр нь дүүрээд ирэхээр цаасныхаа дээд доод буланд нь бас бичээд ингээд конец фильм. Тэгсэн өнөөх чинь Их хурлын дарга руу нэг их сүрхий далийж харснаа “Төмөр-Очир гуай ганц ширхэг цаас байна уу” гэж гуйсан байгаа юм даа.
Иймэрхүү дампуу зүйл сэтгүүл зүйн ах нарт минь байдаг ч Монголын нийгэмд болж байгаа сайн муу, аймаар, аймшигтай бүх үйл явдал дээр тэд, бид, сэтгүүлчид бүгдээрээ л очиж ярилцлага, сурвалжлага хийж нийгэмд хүргэсээр ирсэн. Хүргэсээр ч байгаа. Тэгэхгүй бол өөр хэн ард түмэнд, нийгэмд тэр мэдээллийг чинь хүргэх юм бэ. Сая С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдлийг сэтгүүлчид хурдан шуурхай нийгэмд хүргэснийхээ хариуд өөрсдийгөө сошиалаар баахан доромжлуулах шив дээ. Сэтгүүлчдийн улаан нүүрэн дээр нь гэнэт гал хөс дүрэлзээд явчихсан хэрэг шүү дээ. Хэн ч байсан балмагдах үйл явдал. Харин ч тэр нэг зураглаач хүү гарч гүйгээд галын хор олоод ирж. Би бол шатаж байгаа зургийг нь дүрсэнд буулгахыг л зорино. Яагаад гэвэл би тийм л үүрэгтэй тэнд очсон.
Миний хийх ёстой ажил тэр хүний юу ярихыг, ямар үйлдэл хийхийг нийгэмд хүргэх болохоос ямар хүний амь аврах гэж тэнд очсон биш. Концерт тоглож байгаа газар дуучин дуугаа дуулах л зорилготой очдог. Энэ нь л тэдний заавал хийх үүрэгтэй ажил нь. Тэртэй тэргүй тэр хүний чинь амь насыг аврах тусгай үүрэгтэй төрийн бүтэц бий шүү дээ. Тэд хийх ёстой ажлаа хийнэ биз. Сэтгүүлчид сурвалжлах л үүрэгт ажлаа хийсэн. Үр дүн нь ч гарч нийгэмд өөрийгөө галдсан мэдээлэл хормын зуурт хүрсэн. Ингээд л боллоо. Үгийн далимд хэлэхэд иймэрхүү зарчимгүй, мэргэжлийн нэр хүндэд маань халдсан сошиал медиагийн дайралтад сэтгүүлчид няцаалт өгч байх хэрэгтэй, өөрсдийгөө үхтэл хамгаалцгааж баймаар байна шүү дээ.
Сэтгүүлчид хойшид олон аймаар үйл явдлын голд очно. Юу ч хүлээж байж мэднэ. Ойрын прогнозыг харахад гал тавих, галдах үйлдэл газар авч байгаа бололтой. Тийм болохоор хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдээ галын хороор хангая. Камер, зургийн аппарат, дуран, диктофонтойгоо хамтад нь үүрээд явж байг. Сэтгүүлчид ачаалал дааж сурсан хүмүүс. Ямар ч турьхан сэтгүүлч охин данхайсан том камер, аппарат үүрээд харайлгаж явдаг. Түүгээр ч зогсохгүй камер, аппарат гээд мэргэжлийн багаж хэрэгслээрээ гангарчихдаг, өөрсдийгөө гоёчихдог хүмүүс шүү дээ. Галынхаа хоронд гоё уут сав хийгээд, дээр нь янз бүрийн гоё наалт, лого хийж чимээд үүрчихнэ. Хүмүүс хараад “Ямар гоё чамин зүйлс эдэлж хэрэглэдэг сэтгүүлч вэ” гэж гайхахаар.
Хэвлэлийн хурал дээр өөрийгөө шатаалаа. Хан-Уулд найз бүсгүйгээ гэртэй нь галдах гэлээ. Г.Майцэцэг үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаана гэнэ. Маргааш хэн гээч нь номоо шатаах юм, хэн гээч нь цайны газраа шатаах юм, хэн гээч нь машинаа шатаах юм, хэдийд нь сэтгүүлчдийг тэд дуудах юм, бүү мэд. Сэтгүүлчдийг дуудах нь л дуудна. Тийм болохоор тэнд нь очоод шатаж, түлэгдэж үхэхгүйн тулд галынхаа хорыг мартав, сэтгүүлчид ээ. О.Магнайгийн ярьж байгаагаар бол хувцас тараахад хүмүүс жигтэйхэн их баярладаг юм байна гэсэн. Тэгэхээр Майцэцэцэг гуай та үйлдвэрлэсэн хувцсаа шатааж байхаар хүмүүст тараавал цаадуул чинь их баярлана даа. Гэхдээ ийм цаг үед хүний үгийг өөртөө зөвөөр тусгаж авдаг хүн ховор болчихож. Галдана гэснээрээ галдацгаах биз. Тийм болохоор сэтгүүлчид галынхаа хорыг биеийнхээ нэг хэсэг болгоорой. Ууж явсан цэвэр усаараа гал руу тургиж байхаар галынхаа хорыг гялс гаргаж ирээд тургиад хаявал өөрийгөө галын аюулаас аварчих юм шиг байна лээ.
П.Хашчулуун