Сэтгүүлч Н.Уранхолбоо
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сайн үйлсийн аяныг санаачлан сар бүр хэрэгжүүлж эхэлсэн байна. Анх 39 дүгээр дунд сургуулийн I ангийн сурагчдад өвлийн хувцас өгсөн бол өчигдөр АНУ-ын “Линдел” сан, “Легаси” судалгааны институттэй хамтран өрх толгойлсон дөрвөн ээжид мөнгөн тусламж үзүүллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн А.Ганчимэг, Баянгол дүүргийн VIII хорооны иргэн М.Цогзолмаа, 10 ам бүлээ тэжээдэг 74 настай Ш.Янжмаа, Чингэлтэй дүүргийн ХIХ хорооны иргэн Х.Майргүль нарт нэг удаагийн мөнгөн тусламж хүргэжээ.
Тэдний хувьд 4-5 хүүхэдтэй, бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг учраас ажил эрхлэх боломжгүй, дийлэнх нь орцны жижүүр хийдэг байна. Өндөр настан Ш.Янжмаа 37-40 насны хөгжлийн бэрхшээлтэй хоёр охиноо асрахаас гадна тэдний эм тариа, хоол хүнс, байрны мөнгөө тэтгэвэр болон охидынхоо халамжийн мөнгөөр залгуулдаг аж. Түүний хувьд өмнө нь хувиараа эсгий улавч хийж борлуулдаг байсан ч санхүүгийн хүндрэлээс болж түр зогссон гэнэ. МАН-ын бүлгийн энэхүү хандивын мөнгөөр бичил бизнесээ эхлүүлэхээр болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.