Сэтгүүлч Т.Оюун
Ардчилсан намын даргын сонгууль явагдах өдөр ойртож нэр дэвшигчид намынхаа гишүүдтэй уулзаж орон нутгуудаар тойрч байна. Намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм.
Одоогийн байдлаар хөдөө орон нутагт төдийгүй нийслэлд С.Эрдэнэ өндөр рейтингтэй байна. Түүнийг дэмжиж буй гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Ж.Батзандан гишүүнийхээ талаар муу үгийг унагаж явсан С.Эрдэнэ түүнийг МАН-ын Ц.Нямдорж гишүүнтэй холбоод баахан "гөвшиж" өгөв. Тэрбээр уулзалтуудынхаа үеэр буюу Говь-Алтай аймагт явж байхдаа өчигдөр Ц.Нямдорж гишүүний талаар хатуухан үгсийг өгүүлэв. Тэрхүү бичлэг нь С.Эрдэнийн фэйсбүүк хуудаснаа гарч олныг гайхшруулав. Мөн С.Эрдэнийг шударгаар луйвар булхайг илчилж байна гэж гишүүд дэмжигчид их ам сайтай байна. Тэрбээр, "Өнөөдөр магадгүй Эрдэнэтийн 49 хувийг ярьж байна. Тэр 49 хувь дээр улайрч байгаа Ц.Нямдорж гэдэг нөхөр Эрдэнэтийн 51 хувь дээр яаж тоглосон гэдгийг би өнөөдөр ганцхан жишээгээр хэлье. Н.Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийсэн байдаг. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө цэвэр ариун энхийн цагаан тагтаа болчихсон юм яриад явж байна. Өөрөөр хэлбэл тэр 51 хувь дээр тухайн үеийнхэн яаж тоглож хэдэн тэрбум төгрөгний бэлгэвч, 00 цаасыг Эрдэнэтэд шахсан байдаг. Надад өнөөдөр бүх баримт нь бий. Өнөөдөр үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Гэтэл яагаад энэ нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа муу бүхнийг Ардчилсан намтай холбох гэж хүний, өөрийнгүй дайрцгааж байгааг ойлгохгүй байна. Би намаа ямар ч цаг үед хэний ч өмнө хамгаална. Миний эрх мэдэл хүрдэг л юм бол дуу хоолойгоо хүргэсээр байх болно" гэв.
Өнгөрсөн хавраас эхлээд олон нийтийн анхаарлыг татаад буй асуудал болох Эрдэнэтийн талаар С.Эрдэнэ гишүүн ийнхүү зоригтой шударга дуугарч эхэллээ. Энэ нь С.Эрдэнэ гишүүний намаа хамгаалах, шударга бус бүхний төлөө тууштай тэмцэх чин хүсэл эрмэлзэлтэйг харуулж байна.
Сонгуулийн өмнөх өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн биеэр Эрдэнэт үйлдвэр 100 хувь манай улсын өмч боллоо гэж зарласан. Энэ нь магадгүй сонгуулийн дүнг ийнхүү гарахад гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид болон улстөрчид ярьж байгаа.
Тэгвэл сонгуулийн дараанаас эхлээд Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж олон нийтэд зарим мэдээллийг хүргэж эхэлсэн. Тэрбээр намраас хойш Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар Монголын зэс компанид өгсөн. Үүнийг АН-ын удирдлагууд хийлээ хэмээн мэдэгдсээр байгаа. Харин түүний уг байр суурийг зарим хэвлэлүүд болон улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэсэн арга хэмжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд ийнхүү гэнэтхэн Эрдэнэтийн талаар энхийн цагаан тагтаа шиг яриад эхэллээ гэдэг зүйлийг ч бичиж байв. Тэгвэл АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнийн хэлсэн үг хэрвээ баттай бол Ц.Нямдорж гишүүний ярьж байсан зүйл нь ёстой нөгөө популизм гэгч нь байсан бололтой. Түүний хэлснээр бол н Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийж байжээ.
Хэдийгээр 49 хувийг манай улсын компани авсан нь зөв, буруу аль нь болох нь мэдэгдэхгүй байгаа ч энэ талаар хамгийн чангаар ярьж хэлж буй Ц.Нямдорж гишүүн ч өөрөө эрх мэдэлтэй байх хугацаандаа зүгээргүй байсан бололтой. Ер нь бол энэ бүгдийн эцэст энэ улсад үнэн зүйл гэж байна уу гэдэг асуулт иргэдийн өмнө хамгийн томоор гарч ирлээ. Магадгүй цаг хугацаа л хариулт өгөх буй за.
www.zaluu.com