Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХД-ийн 2 дугаар хорооны өндөр настан Б.Чулуунбаатар, “АЗЗҮ” ХХК-ийн хяналтын багийн ахлах инженер Л.Батжаргал, НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Хорлообаатар нарын 19 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор “Монгол хурандаа” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Баярсайхан, СХД-ийн 27-р хорооны иргэн Ц.Ганболд нарын 3 хүн, Алтан гадас одонгоор “Сүлжээ” ХХК-ийн нягтлан бодогч Э.Алдарзаяа, Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Г.Алтанцэцэг, “Солана” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын 77 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭМГ-ын хэлтсийн дарга С.Ариунтуяа, Нийслэлийн татварын газрын үйлчлэгч Ш.Батсүрэн, “Бүрэнсүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг нарын 54 хүнийг тус тус шагнасан байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй Төрийн дээд одон медалиар шагнагдсан нийт хүмүүст баяр хүргээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар та бүхэн шагнагдлаа. Та бүхний хүрсэн энэ амжилт нийслэл хот, цаашлаад Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй их хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид хийж бүтээснээсээ илүү ихийг эх орондоо, ард түмэндээ зориулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.