-Нийслэлийн удирдлагууд хэргээс бултаж Амарааг хахуульдаж эхлэв үү-
Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах /Амараа/ зодуулснаасаа хойш эмнэлэгт хэвтээд 10 гаруй хонож байна. Түүнийг Оросын Элчин сайдын яамны ажилтан зодсны дараа ар гэрийнхэн нь мэдээлэл хийж, аав нь “Телевизээр хүүгээ таньсангүй” хэмээн уйлж байсан цаг саяхан.
Гэтэл энэ долоо хоногийн пүрэв гаригт дуучин маань гэнэтхэн ТВ5 болон 25-р суваг телевизэд албан ёсны тайлбар хийсэн бичлэг олон нийтэд цацагдсан. Харамсалтай нь Амараа тохиролцсон мэдээллийг бид авлаа. Тэрбээр олон нийтэд мэдээлэл хийхээс өмнөхөн хэд хэдэн удаа үл таних хүмүүс түүнтэй уулзаж, тохиролцох талаар ярилцаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Нөгөө талаар өвдөн байж зөвхөн яагаад ТВ5, 25-р суваг телевизэд ярилцлага өгөх болов оо гэдэг асуулт гарч ирнэ.
С.Амармандах эмнэлгээс бүрэн эдгэрч гарсныхаа дараа хэргийн талаар олон нийтэд тайлбар хийж болох л байсан. Мөн өөр нэг баримт дэлгэвэл ТВ5 телевизийн гүйцэтгэх захирал Э.Даагиймаа Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 25-р суваг телевизтэй 2017 он хүртэл хамтран ажиллах гэрээ буюу иргэдийн ярьдгаар хаалтын гэрээ хийснийг үгүйсгэхгүй.
Ингээд харахад дуучин С.Амармандах Нийслэлийн засаг дарга С.Батболд, Ц.Сандуй нараас мөнгө авсан гэх хардах үндэслэл байгаа юм. Яагаад нам гүмхэн шиг хоёрхон телевизэд ярилцлага өгч, фэйсбүүкээр шууд дамжуулаад чимээгүй болчихов. Тодорхой жишээ дурдахад, тус ярилцлагыг Амараа 15 цагийн орчим ГССҮТ-д өгсөн байдаг. Харин дээр дурдсан хоёр телевизээс бусад телевизийн сэтгүүлчид огт мэдээгүй өнгөрчээ.
Энэ бүхнийг эргэж харвал С. Амармандах Нийслэлийн удирдлагуудтай тохиролцсон байж болзошгүй гэх үндэслэл бүрэн үүсэж байна. Эрхэм удирдлагуудын хамгийн ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр С.Амармандах 500 сая төгрөг нэхсэн, түүнийх нь тал хувь буюу 250 сая төгрөгийг урьдчилгаа болгон өгснөөр тэрбээр Нийслэлийн удирдлагуудыг буруугүй хэмээх тайлбар хийсэн гэсэн юм.
Үнэндээ С.Амармандахын бичлэгийг сайтар ажиглавал мөнгө авсан байх үндэслэл хэд хэдэн удаа илэрч байгаа. Тодруулбал, Нийслэлийн удирдлагуудын нэрийг хольж, солих олон удаа удаа дурьдаж, сэтгүүлчийн ямар ч асуултад нийслэлийн удирдлагууд буруугүй гэж давтан давтан хэлж байгаа явдал. Хэдийнэ өвтэй хүн уймарч байгаа мэт жүжиглэх боловч, ганцхан Нийслэлийн удирдлагуудын буруугүй гэж хэлэх өгүүлбэрээ маш сайн давтсан, огт гацахгүй түгдрэлгүй цээжилсэн мэт давтсан нь уг тайлбарыг албан бус, зохиомол гэж үзэх үндэстэй байна.
Нийслэлийн удирдлагууд өөрсддөө тохогдох хэргээс айн С.Амармандахтай тохиролцсон нь илт болж эхлэв бололтой. Нөгөөтэйгүүр С. Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яам, МАН-ын даргад хүртэл хандаж хариуцлага тооцуулах гэж уйгагүй хөөцөлдөж буй. Харамсалтай нь ингэж гүйсэн өмгөөлөгчөө тайлбар авсан сэтгүүлчээр дамжуулан буруутгах өнгө аястай асуултууд асуулгаж байгаа нь бичлэгэн дээр тод үлджээ. Гэхдээ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38.1.1-т “Өмгөөлөгч нь зөвхөн үйлчлүүлэгчийнхээ хүсэл зорилгоор ажиллана” гэсэн хуулийн заалтаас харахад С.Амармандах өмгөөлөгчийнхөө бүхий л үйлдлийг мэдэж, өөрийн хүсэлтээр ажиллуулж байсан гэдэг нь тодорхой боллоо.
Харин өөрийнх нь төлөө тууштай тэмцсэн өмгөөлөгчөө С.Амармандах их хэмжээний мөнгөөр солиод өнгөрчээ. Хэрэв Амараа үнэхээр тохиролцоонд хүрсэн бол, энэ хэрэг тун удахгүй намжих ёстой. Гэхдээ С.Амармандахын зодуулсан хэрэг зөвхөн түүнд хамаатай бус улс хоорондын харилцааны асуудал болсныг олон нийт ам дамжин ярьцгааж байгаа. Агуу их Орос орныг манай улсад төлөөлж буй дипломатч хүн, Монгол улсын олны танил хүнийг зодож, эх оронд нь танхайрч, эргээд ямар ч хариу үзүүлэлгүй бас уучлалт ч гуйхгүй байгааг бид зүгээр хараад суух гэж үү.
Үүнийг ч олон нийтийн сүлжээгээр байнга хэлж байгаа. Эцэст нь хэлэхэд С. Амармандах их хэмжээний мөнгөн дүнгээр бүхнийг дараад өнгөрөхөөр шийдсэн бол үнэхээр харамсалтай. Цаашлаад Монгол хүнийг гадны нэг нөхөр дураараа ирж дээрэлхчихээд яваад өгнө гэсэн үг.
www.tug.mn