сэтгүүлч Г.Лхагваа
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ойрын үеийн хамгийн чухал асуудал болоод байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Ард нийтийн санал асуулга явуулах тухай төсөлтэй хамтатган өргөн барьсан. Тэд Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмнээсээ асууж байгаад шийдэхээр болсон юм. Өчигдөр уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдсэн.
Тэгвэл уг асуудлаар Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг өөрийн болон холбооныхоо байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, " Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй танилцсан. Агуулгын хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр эргэж хармаар зүйлс их байна. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ хуульд хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг УИХ хэлэлцэх ёстой. Гэтэл төслийн үзэл баримтлал, танилцуулга нь эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэгдээгүй, үндэсний хэмжээний зөвшилцөл хийгээгүй, хэсэг хүний бодлыг тулгасан, танин мэдэхүйн түвшинд хийсэн, ил тодоор олон нийтэд танилцуулагдаагүй төсөл байна. Зарим зүйлийг нь иргэд байтугай, хуульч нар дөнгөж харж байгаа гэнэтийн юм болж байна" гэжээ.
Үндсэн хууль өөрчлөх асуудлыг Хуульчдын холбоо дэмжихгүй байгаа аж. Мөн гишүүдийн өргөн барьсан байдлаар хэлэлцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулвал цэц очоод унах магадлалтай гэдгийг ч Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч сануулжээ.
www.zaluu.com