Сэтгүүлч С.Уянга
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаас төрийн өндөр албан тушаалтан оффшор данстай байхыг хориглосон хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар шийдвэрлэсэн юм. Энэ саналыг гаргасан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.
-Оффшор дансыг хориглосон хуулийн төслийг буцаах санал гаргалаа. Үндэслэлээ тайлбарлахгүй юу?
-Оффшор данстай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Зөвхөн Монгол Улсын бус бусад улс орны эдийн засгийн хямралын нэг үндэс нь татвараас зугтаж оффшорт хууль бусаар мөнгө байршуулдаг зүйлээс шалтгаалсан гэж үзэж байна.
Нэлээд хэдэн улс оронд хуулийн байгууллагууд нь тусгай ажиллагаа явуулж байна. Хууль тогтоох дээд байгууллага парламентаас нь комисс ажиллуулж байна. Оффшор бүсэд байрласан хөрөнгийн эх үүсвэрийг шалгах, хэрэв татвараас бултсан бол хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжээс орлогын албан татвар авч байна.
Эх үүсвэр нь тогтоогдоогүй бол хууль хяналтын байгууллагаар дамжуулж улсын орлого болгох ажлуудыг хийдэг. Тухайлбал, Их Британи улсын татварын албанаас оффшорт данстай байгаа хувь хүн, хуулийн этгээдийг улсын байцаагч нь дуудаж дансных нь хуулгыг авчрахыг шаардаж эх үүсвэр, татвар төлсөн эсэхийг нь шалгаж байна. Эх үүсвэр нь эргэлзээтэй бол хуулийн байгууллагад шилжүүлж байна. Манайх ч мөн адил Татварын ерөнхий газраас одоогийн үйлчилж байгаа хуулиар зохицуулах боломжтой.
Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт маягаар оруулж ирсэн төслийн хүрээнд энэ бүх шалгах ажиллагааг боломжгүй болгож оффшорт албан тушаалтан гэр бүлээрээ дамжуулж, албан үүргээ гүйцэтгээгүй буюу амралт чөлөөт цагаараа очиж данс нээлгэхийг зөвшөөрсөн. Мөн оруулж ирсэн төсөл нь гадаад улсад гэж хэтэрхий хавтгайруулснаар хуулийн хийдэл гаргаж боломж олгож байна.
-Хуулийн төслийг сайжруулж бие даасан хууль болгох саналыг гишүүд хэлж байсан. Таны бодлоор хуульд ямар зүйл заалт нэмж тусгах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Гадаад улсад гэж нийтэд нь хавтгайруулахгүйгээр оффшор бүс гэдгээ хуулийн хэллэгээр томъёолох хэрэгтэй. Зөвхөн тэр бүсэд нь албан тушаалтан юм уу, аж ахуй эрхлэхийг хориглох ёстой. Зөвхөн албан тушаалтан бус гэр бүлийн гишүүдийг нь хамруулъя. Учир нь оффшорт мөнгө нуудаг, хөрөнгө мөнгө зувчуулдаг ажиллагааг улстөрчид төрийн өндөр албан тушаалтнууд гэр бүлийн гишүүдээрээ дамжуулж хийдэг. Энэ нь хэн нэгнийг нь гэр бүлийн гишүүдийг гэм бурууг нь халдааж хэрэглэж байгаа биш хамтад нь урьдчилан сэргийлж байгаа юм. Хамтран үйлдэж байгаа учраас гэр бүлийн гишүүдийг хамааруулах нь зүйтэй. Аж ахуй эрхлэгчийг заавал оруулах ёстой.
Аж ахуй эрхлэгч оффшорт данстай байна гэдэг татвараас зугтаж, зайлсхийж байгаа үйлдэл. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу аж ахуй эрхлэгч хувь хүн аливаа хэлбэрээр татвараас зугтаахыг хориглодог. Хэрэв зөвшөөрөх юм бол албан ёсоор татвараас зугтаахыг нь зөвшөөрч байна гэсэн үг. Мөн зарим нь татвараа төлдөг, нөгөө хэсэг нь оффшороор дамжиж татвар төлөхгүй учраас аж ахуй эрхлэгчидтэй тэгш бус харьцаж, өөгшүүлсэн заалт болно.
Ийм хуулийн төсөл орж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчлийн хуульд хавчуурга маягаар орж хийдэл гаргах боломж олгож байна. Тиймээс оффшор бүсэд хэнийг хамруулахгүй байх, яаж хориглож, хянах, зөрчлийг хэрхэн арилгах, ямар хэлбэрээр хариуцлага тооцох вэ гэдгийг цогцоор нь оруулсан тусдаа хууль байх ёстой.
-Хөрөнгө оруулагчдын 80 хувь нь оффшор бүсээс орж ирдэг. Тэгэхээр аж ахуй эрхлэгчдийг хориглочихвол хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэсэн саналыг зарим гишүүн хэлж байна лээ?
-Аж ахуй эрхлэгч оффшор бүсэд байна гэдэг төрдөө төлөх татвараас зугтааж байгаа асуудал. Төрөөс үйл ажиллагаа явуулах бүх боломжийг нь хангаж өгч байгаа. Лиценз, тусгай зөвшөөрөл, ажиллах хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж байна.
Хуулийн байгууллагаас хамгаална, эмч нь эмчилж, боловсролын байгууллага нь дадлагажуулж бүх боломжийг нь олгож байгаа. Үүний төлөө улсдаа татвар төлөх ёстой. Оффшорт байгаа хөрөнгөөс гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж байгааг хориглох нь эрсдэлтэй гэж ярьж байгаа нь туйлын буруу үйлдэл. Оффшор бүсэд байгаа мөнгө татвараас зугтсан хууль бус хулгайн мөнгө.
-Та сүүлийн үеийн судалгааны тоо баримтыг харав уу?
-Саяхны судалгаагаар оффшор бүсэд байгаа нийт 32 их наяд ам.доллар хөгжиж байгаа орнуудын нийт гадаад өрөөс хэд дахин их мөнгө. Тэндээс татвар авах юм бол тэр улс орнууд гадаад өрөө бүрэн дарах боломжтой гэсэн үзүүлэлт гарсан байна лээ. Манай улс яагаад өрөнд орж, эдийн засаг хямраад байгаагийн нэг хэсэг нь оффшорт байгаа хууль бус мөнгө.
Хуулийн дагуу хулгай хийсэн мөнгийг улсдаа оруулаад гадаадын хөрөнгө оруулалт гэж хэлэх юм бол хууль бус бохир мөнгийг угаасантай адил. Япон улсад гадаадын хөрөнгө оруулалт нэрээр орж ирж байгаа мөнгөний цент болгоныг шалгадаг, хориглодог. Айлд хулгайч ороод хамаг хөрөнгийг нь авчихаад хулгайн мөнгөнөөсөө жаахан хэсгийг бэлэглэхээр баярлаад хоймортоо суу гэж хэлж байгаатай адил.
-Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг та ашиг сонирхлын зөрчилтэй гэж шүүмжилсэн?
-Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдтай хувийн шугамаар уулзаж энэ асуудалд ашиг сонирхлын зөрчилгүйгээр хандахын сануулж үзсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр цөөнгүй асуулт тавьж санал болгож, хүсэлт тавьсан. Эцэст нь байр сууриа илэрхийллээ. Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдыг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн тэр тусмаа даргаар нь ажиллаж болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаагаа хэлсэн.
-Ямар учраас тэгж үзэх болов?
-Б.Энхбаяр дэд сайд бол оффшор бүсэд данс эзэмшиж байсан, тэр нь Панамын баримтаар ил болсон, алтны компанитай гэдэг зүйл яригдаж байгаа хүний зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байгаад Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллахад тэр хүний нөлөө орсон гэж үзэж байгаа учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Тиймээс Ажлын хэсгээс гарч, хуулийг зөрчилгүйгээр дахин боловсруулахыг санал болгосон.