Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Зам тээврийн хөгжлийн яам Нийслэлийн тээврийн газарт хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэлүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар чиглэлийг өнгөрсөн 10 дугаар сард өгсөн. Уг чиглэлийн дагуу зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуй нэгжийн 436 том оврын автобусанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар хорт утаа ихтэй 94 автобус үйлчилгээнд явж байсныг тогтоожээ. Зөрчил гаргасан зургаан аж ахуйн нэгж, байгууллагад Автотээврийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай албан шаардлага хүргүүлж, таван аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилтан, хоёр жолооч, нийт долоон албан хаагчдад тус бүр торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцжээ. Цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлагын биелэлтэд Нийслэлийн тээврийн газраас хяналт тавьж ажиллах юм байна.