Сэтгүүлч О.Наранхүү
С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа шүүхээр дэнслэгдэх гэж байна. Энэ хэргийн эзэн холбогдогчдыг шүүх хурал Монголын ардчилал, хууль ёс, шударга ёсны толь болох учиртай.
Нийгмийг цочирдуулж, олон жил дуулиан дагуулсан, олон ч хүний амьдралд хар толбо үлдээсэн аймшигт хэргийн жинхэнэ эзэд хуулийн дагуу зохих ялаа эдлэх үү, эсхүл хавтаст хэргийн маш нууцын зэрэглэлтэй баримтуудын цаана гэм зэмгүй иргэд хэлмэгдэж, хууль, хүчний байгууллагууд улстөрчдийн шүдний өвчин болсон энэ хэргийг илрүүлж, шийдвэрлэсэн нэр зүүгээд үлдэх үү гэдэг нь одоо л шийдэгдэх гэж байна.
18 жил улстөрчдийн тоглоом болсон, сонгуулийн шоуны томоохон сэдэв байсаар ирсэн энэ хэргийг Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч нар үйлдсэн гэж шоронд цөөнгүй жил хоригдож байгаа н.Амгаланбаатар гэгч мэдүүлснээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2015 оны наймдугаар сард баривчилж цагдан хорьсон тухай хэвлэлүүд мэдээлсээр байгаа.
Хэргийг илрүүлэх ажлын хэсэгт багтсан цагдаа, тагнуулынхан эцэст нь тултал мухарлаж мөрдөн байцаалтаас прокурорт шилжүүлсэн, одоо удахгүй шүүхэд очно хэмээн зарим хэвлэлүүд бичиж байлаа.
Өнгөрсөн 18 жилийн хугацаанд С.Зоригийн хэрэгт шалгагдаж, ямар нэг хэмжээгээр хохирсон хүмүүс цөөнгүй дуулддаг ч энэ удаагийнх шиг албаныхнаар зарлуулан зарлуулан шүүхэд шилжүүлж байсан тохиолдол үгүй. Тэр бүр нийгэмд дуу хоолойгоо хүргээд байдаггүй нэр бүхий прокурорууд дараалан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжих шатандаа явж байна хэмээн олон нийтэд зарлаж, Ерөнхийлөгч ч ийм мэдээлэлтэй байгаа гэдгээ сэтгүүлчдэд дуулгаж байсан ба үнэхээр ч хэлснээр нь боллоо.
Одоо хэрэгт татагдсан сэжигтнүүдийг олон дуулиант хэргүүдийг шүүж байсан туршлагатай, шударга шүүгч М.Алдар шүүх гэж байна хэмээн хэвлэлүүдээр мэдээлэл түгээж, энэ шүүгчийн шийдвэрлэсэн хэргүүдийг хүртэл олон нийтэд танилцуулж байна.
Олон нийтийн сэтгэлзүйг шүүх хуралд бэлтгээд байгаа мэт албаны эх сурвалжаас гарсан мэдээллүүд ийнхүү цуварсаар.
Гэтэл энэ хэрэгт эцгийнх нь нэр хавчуулагдсан, өмнө нь фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс туслалцаа гуйж байсан УИХ-ын гишүүн О.Содбилэг яагаад ч юм таг чиг.
Тэрбээр жил гаруйн өмнө фэйсбүүктээ “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн.
Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан нь одоо өрнөж байгаа Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч нарыг хэрэгт татсан явдалтай холбогдчихлоо.
Мөн энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийж, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг сэжигтнүүдийн нэгний ээж н.Жавзмаатай ярилцлага хийж, “Тагнуулынхан Эрдэнэтэд очиж зохиомол сэжигтний ар гэрийг дарамталж, айлгаж, хорьж тамласан байна.
Ярилцлага өгсөн гэж. Энэ хүмүүсийг хамгаалаач. Тэд айдас хүйдэс, хүчирхийлэл дор тарчилж байна. Ахиж юм яривал шоронд хийнэ гэжээ” хэмээн жиргэж байлаа.
Хэрэгт холбогдогсдын ар гэрийнхний сэрэмжлүүлээд байгаагаар гэм зэмгүй хүмүүс “маш нууц” зэрэглэлтэй, хаалттай шүүх хурлын далбаан дор хэлмэгдчих вий гэсэн болгоомжлол төрж байна.
Тиймээс л удахгүй шүүгдэх гэж буй сэжиглэгдэгсэд оршин суудаг Орхон аймгаас сонгогдсон төрийн элч гэдэг утгаараа ч, цаашлаад эцгийнх нь нэр хавчуулагдсан гэдэг утгаар ч О.Содбилэг одоо л дуугарч юу мэдэж байгаагаа хэлэх цаг болсон мэт.
Хэдийгээр УИХ-ын гишүүн байлаа гээд мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй ч 18 жилийн турш хүлээлт үүсгэсэн С.Зоригийг хөнөөсөн учир битүүлэг хэргийг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах талаар О.Содбилэг хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой бус уу.
Эрдэнэтээс сонгогдсон О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын гишүүд ч тойргийнхоо иргэдийн хувь заяаны төлөө нэгэн адил санаа тавих учиртай байх.
Монголд шүүх хурал тэр бүр нээлттэй хийгддэггүй. Нүүрс хөтөлбөрийн Л.Гансүхэд тохсон хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулахад л олон нийтэд ихээхэн эргэлзээ үүсч байсан.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн дуулиант хэргийг манай хуулийн мундагцуул үнэхээр л илрүүлчихсэн юм бол шүүх хурлыг ил тод хийж ур чадвараа гайхуулмаар. Энэ нь хуулийнхны нэр хүндэд тустай төдийгүй Монголын төр засаг ардчилал, ил тод байдлын зарчимд үнэнч байгаагийн томоохон шалгуур болно.