Сэтгүүлч Б.Саран
Иргэн Э “Асар пропертиз” ХХК-ийн зарын дагуу нийслэлийн ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Ханс Вилл" хорооллоос дөрвөн өрөө орон сууц худалдан авчээ. Худалдаж, худалдан авах гэрээг ном журмын дагуу хийсэн болохоор хэсэг хугацаанд амьдарсан байна. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр авах тухай “Асар пропертиз” ХХК-иас удаа дараа шаардсан боловч шалтгаан хэлсээр хойшлуулж байж. Аргагүйн эрхэнд “Тектоник” гэх компанийн орон сууцыг борлуулдаг тухайгаа хэлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүйг мэдэгдсэн байна.
Гэтэл “Асар пропертиз” ХХК иргэн Э-тэй анх гэрээ хийж орон сууцанд оруулахдаа “Бид уг байрыг борлуулдаг” гэж 70 сая төгрөг авсан байж. Харин “Тектоник” ХХК Э-ийн амьдарч байгаа орон сууцыг өөр хүнд худалдсан байсныг мэдэгдэж ордерийг нь Э-д өгөх боломжгүйг хэлжээ. Ийнхүү нэг орон сууцыг хоёр хүнд дамжуулан зарсан үйлдэл нь өдгөө СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм. Шалгалтаар “Асар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани болох нь тогтоогдсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлагч компани нь худалдан борлуулалтын үнийг авах эрхгүй этгээд юм. Хөрөнгийг зуучилсныхаа хөлсөнд зөвхөн “Тектоник” ХХК-иас л зуучлалын хөлс авах ёстой аж. “Асар пропертиз” ХХК нь иргэн Э-гээс 70 сая төгрөгийг нь авсан боловч өнөөг хүртэл эргэн төлөөгүй гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар залилангийн хэргээр шалгагдаж байна.
“Тектоник” ХХК нь өмнө нь буюу 2014 онд Ханс Вилл хорооллын орон сууцны гүйцэтгэлийн ажил хийхдээ ч мөн иргэдийг хохироож байсан. Уг компани Ханс Вилл хорооллоос орон сууц худалдан авсан захиалагчдынхаа түлхүүр хүлээлгэн өгөх хугацааг гэрээнд зааснаас нэг жилээр хоцроод зогсохгүй м2 нь 3-15 м2 дутаажээ. Үүний дагуу ШӨХТГ-аас "ТЕКТОНИК ХХК" компанийн гүйцэтгэсэн "KHANS VILL" хороололын 1-р ээлжийн 4 блок байрны оршин суугчдыг 620 299 277 төгрөгөөр хохироосон нь тогтоогдож, улмаар хохирлоо барагдуулахаар болсон удаатай ажээ.
Мэдээллийн эх сурвалж: www.tug.mn /албан ёсны эрхтэйгээр нийтлэв/