богино мэдээ New

Улс тунхагласны баяраар бүх нийтээрээ амарна

Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ныг дахин Нийтээр тэмдэглэх баярт тооцож, хуульчлан баталлаа..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ныг дахин Нийтээр тэмдэглэх баярт тооцож, хуульчлан баталлаа. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн билээ.

Тэгвэл энэ өдрийг өнгөрсөн парламентийн үед буюу 2012-2016 оны хооронд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын жагсаалтаас хасаад байсан. Харин уг хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны Улс тунхагласны өдрийг "нийтээр тэмдэглэх баяр" хэмээн зарлаж, энэ өдөр бүх нийтийн амран, тэмдэглэн өнгөрүүлдэг боллоо. Энэ жилийн хувьд "Улс тунхагласны баяр"-ын өдөр ирэх бямба гарагт тохиож байгаа юм.