-Ганц дайчин ганцаардсангүй, Монголын төр ичиг ичиг-
Тоймч Л.Баатархүү
Бид унтаж байхад Монголын нэгэн охин үр долоо хоногийн дотор эх орныхоо төрийн дууллыг тив, дэлхийд хоёронтоо эгшиглүүлжээ, та минь. Түүнд зөвлөөд өгчих дасгалжуулагч, “Май” гээд өгчих ивээн тэтгэгч ч байсангүй. Өөрийнхөө бор зүрхээр хэдхэн хоногийн өмнө насанд хүрэгчдийн Ази тивийн аварга болж, төд удалгүй өчигдөр үүрээр Оюутны дэлхийн аварга болов.
Мөнхжанцангийн Анхцэцэг таньд Монголын жирийн ард түмний өмнөөс БАЯРЛАЛАА. Мексикийн Мериад хот руу дасгалжуулагчгүй очсон М.Анхцэцэг өчигдөр Монголын цагаар шөнийн 02:00 цагт тэмцээнээ эхлүүлж үүрээр дэлхийн аваргын алтан медалийн татами дээр зогслоо. Монголчууд ганцаараа нутгаадаа яваа морь, эр хүнийг саатуулдаггүй харин ч, чигийг нь заадаг ард түмэн. Бидэнтэй адил ийм нэгэн сайхан сэтгэлийг Канадын дасгалжуулагч гаргаж М.Анхцэцэгт маань зөвлөжээ.
Хасах 75 кг-ийн жинд дэлхийн хүчтнүүдтэй өрсөлдсөн тэрбээр нийлбэр дүнгээр 235 кг-ийг өргөж ийнхүү дэлхийд нэрээ данслав. Гэхдээ эх орондоо М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 256 кг-ийг өргөж байсан удаатай. Түүний энэхүү өргөсөн болон, аваргын амжилт нь Монголын түүхэнд ахнхых нь. Өнгөрсөн 2015 онд энэ охин огцом өргөлтөөр 116, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ийг өргөж Монгол Улсын дээд амжилтыг тогтоож байлаа.
Түүнийг энэ хүчний спорт руу сэтгэл, зүрх нь хөтөлсөн гэдэг. М.Анхцэцэг одоо 19 настай. Өнгөрсөн зуны олимпт оролцсон тамирчдаас хамгийн залуу нь байж шагналт байранд шалгарч байсныг та мэдэж буй. Аав, ээж нь цэргийн хүмүүс юм билээ. Мань хүн 114 дүгээр сургуульд байхдаа сагс тоглолоо гэж гараад төмрөө өргөөд явчихдаг байжээ. Товчхондоо ар гэрийнхнээсээ нууцаар бэлтгэл хийдэг, сэтгэл, зүрхээ дагасан Мөнхжанцангийн охин өнөөдөр дэлхийд хүндийг өргөлтөөр эх орныхоо нэрийг өндөрт өргөх гайхалтай тамирчин болжээ. 12 настайдаа буюу 2009 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орж спортын мастер цолны эзэн болж байв.
Нийтлэлч миний хувьд дотроо бодож явдаг нэг өчүүхэн үг байдаг юм. “Хэрэв чи ямар нэг зүйлийг сонирхож байвал чамд ямар нэг авьяас бий” гэж. Миний амьдралд олон зүйл дээр энэ үг батлагдсан юм шиг санагддаг. Магадгүй М.Анхцэцэг тамирчин хүндийг өргөлтийг багаасаа сонирхсон гэдэг нь түүнд авьяас байсан болоод хөтлөгдөж.
Авьяастай, энэ спортынхоо төлөө сэтгэлтэй Мөнхжанцангийн Анхцэцэгт амжилт хур мэт бууж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийд дуурсгахын ерөөл өргье. Баярлалаа, танд.